Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тэр дундаа газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ түмэн энэ өдрүүдэд /2019-12-04,05/ Атрын 60 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна
Хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ аймгийн тариаланчдын дундаас атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоор Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолтон болж энгэрээ мялаалгасан билээ.
Мөн Зүүнбүрэн сумын “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав, Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн нар “Гавьяат агрономич” цолоор, Мандал сумын Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар Гавьяат механикжуулагч цолоор тус тус энгэрээ мялаасан.
Энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойн арга хэмжээ болж байна. Ойн хүрээнд яг одоо чансаа өндөр 64 бөхийн барилдаан эхлэх гэж байна.
Өнгөрөгч /2019/ улсын баяр наадмаар аймгийн цолоос зэрэгцэн улсын цолонд хүрцгээсэн Сэлэнгэ аймгийн харьяат залуу бөхчүүд болох улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Б.Орхонбаяр нар нутгийнхээ дэвжээнд зодоглож магадгүй гэсэн мэдээг бөх сонирхогчид аваад байна. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Ц.Одбаяр нар зодоглох аж.
Тэд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн барилдаан үзүүр түрүүнд үлдэж аймгийн залуу арслан Б.Орхонбаяр жил дараалан түрүүлж аймгийн хурц арслан болсон. Ердөө тавхан хоногийн дараа эхэлсэн Улсын баяр наадамд дээрх бөхчүүд мөн мөр зэрэгцэн барилдаж хоёулаа улсын цолонд хүрцгээсэн билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт болсон Улс тунхагласны 98 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаанд мөн л хоёулаа зэрэгцэн барилдаж үзүүр түрүүнд үлдэн нутгийн зон олныхоо магнайг тэнийлгэсэн юм.
Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо тун удахгүй /15:00 цагаас/ эхэлнэ.
Хүчит бөхийн барилдааныг Үндэсний өв соёлоо дээдлэгч "Өлзий" телевиз, цахим орчинд LIVETV.MN сайт, Facebook LIVETV.MN page хуудсаар, орон нутгийн "Миний Монгол" телевизүүд шууд дамжуулан хүргэнэ.
Хүчит бөхийн барилдаан тун сонирхолтой болж өнгөрлөө. Үзүүр түрүүнд у.а Р.Пүрэвдагва, у.х Б.Бат-Өлзий, у.н Б.Орхонбаяр, у.н Т.Аззаяа нар тунан үлдсэнээс хоёр начин үзүүр түрүү булаалдав. Ийнхүү Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зохиогдсон Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, нутгийн олон, хурсан наадамчдаа баярлууллаа.