Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12-р тогтоолоор хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн гарган энэ сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тусгасан байдаг.
Тэгвэл Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-аас хөнгөлөлтөд багтсан дээрх 800 гаруй нэрийн эмээс зарим нэр төрлийн эм нь бөөний үнээс доогуур байгаа тул олгохгүй байхыг тус холбооны гишүүн эмийн сангууддаа мэдэгдсэн байна.
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ нь өнгөрсөн сарын 29-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолыг түдгэлзүүлэхээр ЭМЯ, ЭМДҮЗ, ЭМДЕГ-т хүргүүлжээ.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт ортол тус жагсаалтад багтсан том хүний 145 нэр төрлийн хүүхдийн 25 нэр төрлийн эмийг даатгалаар өгөхгүй байх шийдвэрийг “ЭМ” холбоо гаргасан байна.
Тус холбооны зүгээс “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж буй эмийн үнийн дээд хязгаар нь бөөний үнийн үнээс доогуур байгаа зарим нэр төрлийн эмээр үйлчлэхийг ЭМДЕГ-тай зөвшилцөлд хүртэл түр хугацаагаар хойшлуулсан” хэмээн мэдэгдсэн байна.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 800 гаруй эмээс доорх жагсаалтад багтсан 170 эмийг өнөөдрийн байдлаар эмийн сангууд даатгалаар өгөхгүй байгаа юм.