СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Factcheck: Монголыг цөлмөх төсөл-Оюутолгойн хөрөнгө оруулалтын булхай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар Дубайн гэрээнд гарын үсэг зурсны дараахнаас эхлэн “Оюутолгой” ХХК онцын шаардлагагүйгээр худалдан авсан асар их техник хэрэгслүүдээ анх худалдан авсан үнээсээ маш бага үнээр үйлдвэрлэгчид руу буцааж эхэлсэн талаарх баримт фактчек нэвтрүүлгийн багт ирэв.

“Рио Тинто” ХК Монголд оруулж буй хөрөнгө оруулалтаа зохиомлоор өсгөж байгааг хөдөлшгүй баримтуудаар илчлэх гэрч ч бас ирлээ.

Оюутолгойн ордоос олж буй асар их ашгаасаа “Рио Тинто” ХК Монголын талд нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөхгүйн зардлаа хөөсрүүлэн өсгөж,  хөрөнгө оруулалтаа хуурамчаар өсгөн нэмэгдүүлж байсан байх юм.

Энэ бүхэн хэрхэн эхлэв?

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөө” буюу бидний нэрлэж заншсанаар “Дубайн гэрээ” гэгчид гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг үзэслэсэн даруйдаа Оюутолгойн хөрөнгө оруулалт 2015 онд 10.8 тэрбум ам.доллар болсныг Ч.Сайханбилэгийн Засгийн газар мөн л хүлээн зөвшөөрлөө.

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтыг 6.6 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр 2022 оноос авч эхлэх байсан Оюутолгойн 34 хувьд оногдох ногдол ашгийн хугацаа 2037 он болж даруй 15 жилээр хойшилсон юм.

Гэвч “Рио Тинто” ХК-ийн Оюутолгойн ордод оруулсан гээд байгаа хөрөнгө оруулалт нь бодит бус бөгөөд зардлаа зохиомлоор өсгөж байсныг дараах баримтаар хүргэж байна.

БАРИМТ 1

2016 оны есдүгээр сарын 05-ны өдөр “Рио тинто Монгол” ХХК-ийн Бараа материалын хяналтын байцаагч Т.Ундраагаас дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани “Комацу”-гийн Монгол дахь албан ёсны дистребьютер болох “Трансвест Монголиа” ХХК-д маш ноцтой нэгэн имэйлийг ирүүлжээ.

Уг имэйлдээ “Оюутолгой” ХХК нь “Комацү” ХК-аас худалдан авсан илүүдэл бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч рүү нь буцаах хоёр дахь компанит ажлыг эхлүүлж байна. “Оюутолгой” ХХК “Комацү” ХК руу буцаах бүтээгдэхүүний тоо, баримт, мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Бараа материалыг буцаахтай холбоотой холбогдох зөвшөөрлүүдийг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Бүтээгдэхүүнийг буцаах тээвэрлэлттэй холбоотой хэлцэл, тээвэрлэлтээ эхлүүлэх өдрийг та бүхэн мэдэгдэнэ” гэж хэлээд буцаах гэж тоног төхөөрөмжийн жагсаалт, тээвэрлэлтийн гэрээний төслийг хавсран илгээсэн байгааг та бүхэн харж байна.

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Оюутолгой” ХХК-ийн Санхүүгийн асуудал хариуцсан Ерөнхий менежер Жефрей Махоной, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл нарын гарын үсгээ зурж албажуулсан “ОЮУ ТОЛГОЙ” ХХК БОЛОН “TRANSWEST MONGOLIA” ХХК ХООРОНДЫН СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ХУДАЛДАА, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ”-ий 3.1 дэх заалтад “Буцаах сэлбэг хэрэгсэл нь шинээрээ байх ёстой бөгөөд Оюу толгой компанид хүргэгдсэн, тоног төхөөрөмжийн анхны үйлдвэрлэгчийн гаргасан буцаах шалгуурт нийцсэн байх ёстой” гэсэн байгааг та анзаарна уу.

Өөрөөр хэлбэл “Оюутолгой” ХХК “Комацү” ХК-аас 3,444,589 ам.доллар буюу тухайн өдрийн Монголбанкны нэрлэсэн ханшаар 7,623,495,483.00 төгрөгийн үнээр худалдан авсан цоо шинэ техник, сэлбэг хэрэгслүүдээ ердөө 1,448,386.83 ам.доллар буюу 3,205,540,764.00 төгрөгөөр үнэлж зүгээр л буцаахаар болжээ.

“ОТ” ХХК нь “Комацү” ХК-аас 7,6 тэрбум төгрөгөөр худалдан авсан техник хэрэгслүүдээ буцаахдаа анх худалдан авсан үнийнхээ ердөө 5 хувь, зарим сэлбэгийг 57 хувь, үлдсэн хэсгийг нь 60 хувиар үнэлж буцаасан нь эрхгүй анхаарал татна.

Жишээлбэл,  Оюутолгой ХХК 129,034.96  ам.доллар буюу 285,577,592.00 төгрөгөөр худалдан авсан уул уурхайн автомашины цоо шинэ кабиныг ердөө  6,451.75 ам.доллар буюу 14,278,884-хөн төгрөгөөр үнэлж “Комацү” ХК руу буцаасныг та бүхэн харна уу.

Энэ бол “Рио Тинто” ХК Монголд оруулж буй хөрөнгө оруулалтаа хуурамчаар өсгөн нэмэгдүүлж, Оюутолгойн орд газраас Монгол Улсад нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөхгүй байх гэсэн башир залийг илчилсэн бодит баримт юм.

Харин тэгэхэд “Оюутолгой” ХХК “Катерфиллар”, “Камминс”, “Либхер”, “Хэйнслэй” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниуд, мөн Монгол Улсад тэргүүлэгч 1700 компаниас бараа бүтээгдэхүүн авдаг гээд та боддоо.

Нэгдүгээр хэсэг төгсөв.

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.