МАН-ын дэргэдэх Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Их Тэнгэрийн аманд "Гоо сарнай-2019" форумыг “Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд" сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь хоёр жилд нэг удаа “Гоо сарнай” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд салбар бүрийн манлайлагч бүсгүйчүүдийг өргөмжилдөг. Тэгвэл энэ жил анх удаагаа ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулж, мэргэшсэн судлаачид зөвлөхүүдийг урин иргэдэд ээлтэй хотын хөгжлийн талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын хөгжлийн талаар судалгаа шинжилгээ дээр тулгуурласан зургаан илтгэлийг мэргэжилтнүүд тавьсан юм.
Хотын хөгжил гэхээр байшин барилга гэж боддог. Тэгвэл хот бол хүмүүсийн төвлөрөл учраас иргэдэд ээлтэй орчинг бий болгох хэрэгтэй гэдгийг Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Алдарсайхан онцлон хэлэв.
Хотын бүсчлэлийг буруу хийснээс болж автомашинаас хамааралтай хот болдог тул богино замын хот байгуулах боломжийн талаар “Өрнөл проект” ХХК-ийн захирал Ш.Оюундарь өөрийн илтгэлдээ дурдсан юм.
Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо “Гоо сарнай” форумын үеэр яригдсан илтгэл, хэлэлцүүлгийг нэгтгэн нийслэлийн Засаг даргад өргөн барьж, иргэдэд ээлтэй хотыг бий болгохын төлөө эмэгтэйчүүдийн оролцоо, анхаарлыг хандуулах болно гэлээ.