Хятадын технологийн тэргүүлэгч Huawei компанийн санхүү хариуцсан дэд захирал Мэн Ванжоу жилийн өмнө Канад улсад баривчлагдан саатуулагдсан билээ. Жилийн хугацаанд батлан даалтад суллагдсан ч Канад улсын нутаг дэвсгэрийг орхих боломжгүй болсон хатагтай Ираны эсрэг олон улсын хориг зөрчсөн хэргээр АНУ руу хэргээ шилжүүлэхгүйн тулд тэмцэж байна.
Тэрээр баривчлагдан саатуулагдсанаасаа хойш яг жилийн дараа олон нийтэд хандан ил захидал илгээж, түүнийг дэмжигчдэд талархлаа илэрхийлжээ. Мэн Ванжуон ил захидал Huawei компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Захидалдаа тэрээр жилийн хугацааг ном уншиж, дуусгаж амжаагүй байсан тосон зургаа дуусгасан тухайгаа хуваалцжээ.
Нөгөө талаар БНХАУ-ын Засгийн газар уг баривчилгааг улс төрийн сэдэлтэй явуулга хэмээн сэрдсэн юм. Түүнийг баригдсаны дараа Америк-Хятадын худалдааны дайн ширүүссэн. Мэн хатагтайн эцэг, Huawei компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рэн Зэнфэй охиныхоо хөл хориулж, зовж шаналсан жилийн хугацааг сайшаан магтсан байна. Зэнфэй охиноо дэлхийн хамгийн их хүчин чадалтай хоёр гүрний хооронд “тохиролцооны чип” буюу хоёр гүрний хооронд маргаан үүсгэх хэмжээний үнэ цэнэтэй нөхцөл байдалд орсноороо өөрөөрөө бахархах хэрэгтэй хэмээн CNN агентлагт ярьжээ.
Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадын Засгийн газар барьж саатуулсны дараа Хятадад Канад улсын иргэд болох Майкл Спаров, Майкл Ковриг нарыг барьж саатуулсан ч Huawei компанийн дэд захирлын баривчилгаатай огт холбоогүй хэмээн Бээжингээс тайлбарласан юм.
Мэн Ванжоугийн ил захидлаас...
“Канад улсад байгаа намайг дэмжиж буй хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. 11 хоног саатуулагдсаны дараа батлан даалтад суллагдахад тусалсанд баярлалаа. Хятадын Шэнзэнд байхад цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг байж билээ. Юм бүхнийг хийхэд цаг хугацаа хангалттай хүрэлцдэггүй байлаа. Харин одоо надад ном унших хангалттай их цаг гарч байна. Тосон будгаар эхлүүлсэн зургаа дуусгаж аль эсвэл хамтрагчидтайгаа аар саар зүйлийг хэлэлцэх завтай болсон. Канад хүмүүс их сайхан. Засан хүмүүжүүлэх төвийн офицерууд, Эмэгтэйчүүдийн Alouette саатуулах төвд хоригдож байгаа хүмүүс бүгд сайн хүмүүс гэж санагдсан” хэмээн захидалдаа бичжээ. Түүний захидлыг даваа гарагийн өглөөний байдлаар 60 сая гаруй хүн уншсан байсныг BBC агентлаг дурдсан байна.
Мэн Ванжоу жилийн өмнө баригдахдаа 10 гаруй хоногийн турш саатуулах төвд хоригдсон юм. Одоо тэрээр цахилгаан мэдрэгч зүүсэн байгаа бөгөөд Ванкувр хотын эргэн тойронд зугаалах эрхтэй ч өдөр бүр 23:00-06:00 цагийн хооронд хөл хорионд орж гарах эрхгүй байна.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com