Хятадын “Жангар” судлалын хүрээлэнгийн 2019 оны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Бээжин хотноо боллоо.
БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиолын хүрээлэн, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан тус хуралд Бээжингийн Төвийн үндэстний их сургууль, Гансу мужийн Баруун хойдын их сургууль, ӨМӨЗО, ШУӨЗО-ны их дээд сургууль болон судалгааны байгууллагуудаас 40 гаруй эрдэмтэн оролцож 19 үндсэн илтгэл тавьжээ.
Ойрд монголчуудын дунд үүсч дэлхийд тархсан “Жангар” туулийг эмхэтгэх, цуглуулах, хэвлэх, судлах ажил эхлээд 200 гаруй жилийг үдэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд судлаач эрдэмтэд “Жангар” туулийн зарим гар бичмэл, тархалт, үг хэллэгийн утгыг тодруулах, туурвилзүйн онцлог, хүүрнэлийн хэв шинж, хувилбар, орчуулгыг хэлэлцсэний зэрэгцээ энэхүү түүхэн бүтээлийг хамгаалах, уламжлуулах, судалгааны дата сан хөмрөг байгуулах, урлагийн бүтээл болгон түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцсон байна.
Хуралд Оросын ШУА-ын Халимагийн шинжлэх ухааны судалгааны төвийн мэргэжилтэн Базар нарын эрдэмтэд оролцжээ.
Эх сурвалж: cctv.com