Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд, малчдын өмнө хамгийн их тулгамддаг асуудал нь уул уурхайгаас үүдсэн тоосжилт. Тоосжилтод хамгийн их нэрвэгдэж байгаа хүмүүс бол уурхайгаас гурав, дөрөвхөн км зайд байрладаг Цагаан-Овоо баг буюу Тавантолгой тосгоны оршин суугчид юм. Судалгаагаар Цогцэций сум ялангуяа уурхайтай бүс нутгуудад тоосонцрын хүлцэх хэмжээ 10,4 дахин их байгааг тогтоосон байна. Үүнээс үүдэн тосгоны оршин суугчдын дийлэнх нь харшлын өвчтэй болсноос гадна, ойр хавийн мал амьтад нь ч өвчлөл өндөртэй болжээ.
Цагаан-Овоо багт ойролцоогоор байнгын болон түр оршин суух 1000 орчим иргэн байдаг бөгөөд тэднийг нүүлгэх тухай асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл огт шийдэгдээгүй юм. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" компани уг асуудлыг шийдвэрлэж Цагаан-Овоо багийн иргэдийг нүүлгэх ажлыг 2020 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Цагаан-Овоо багийн иргэдийг нүүлгэхийн тулд айл бүрт дунджаар 5-7 сая төгрөг зарцуулах бол орон нутгийн Тавантолгойн суурьшлын бүсийг нүүлгэхэд 14 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Харин Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас 200 гаруй айлын газрын асуудлыг шийдвэрлэжээ.
Цагаан-Овоо багийн иргэдийг нүүлгэснээр Цогтцэций суманд уурхайд түшиглэсэн 100 мянган хүн амтай шинэ хот байгуулах эхлэл ч тавигдаж байгаа ажээ.