Монголын сайтын холбооноос “Чингис хаан” банкны удирдлагууд сэтгүүлчдийг дарамталсан талаар мэдээлэл хийв.
Монголын сайтын холбооны УЗ-ийн гишүүн tvmongolia.mn сайтын эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ: Би сэтгүүлзүйн салбарт 20 жил ажиллаж байна. Өнөөдөр ЭМД-ийн мөнгийг хууль бусаар ашигласан "Чингис Хаан" банкны талаар бичсэнээсээ болоод дарамт хүлээж байна.
ЭМД-ын мөнгийг аль нэг банкинд 15.2 хувийн хүүтэйгээр хадгалуулдаг. Үүнийг “Чингис хаан” банк өөрсдөдөө ашигтай байлгахаар ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг даргад хахууль өгч хүүг 5.5 хувь хүртэл багасгасан. Энэ нь АТГ-ын шалгалтаар илэрсэн. 2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг “Чингис Хаан” банкинд байршуулсан байдаг. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5.5 хувь болгосноор хүү нь 1,6 тэрбум болж байна.
Энэ хэргийн талаар “Чингис хаан” банк яагаад хүүг буулгасан, тус банкны ТУЗ-ийн гишүүд улс төрчтэй хамаарал бүхий этгээд байсан талаар мэдээлсний төлөө сэтгүүл намайг утсаар болон бусдаар дамжуулан сүүлд хоёр том биетэй залуугаар хүртэл дарамт учрууллаа.
Түүнчлэн "Чингис Хаан” арилжааны банкны хувьцаа эзэмшигчдийн талаар бичсэн мэдээллийг мөнгө өгч устгуулж байна. Харин энэ тухай мэдээлсэн сэтгүүлчдийг дарамталж “бүх сэтгүүлчид худалдагдсан” гэх мэтээр доромжилсон. Энэ нь тус банкны хувьцаа эзэмшигчдээс гаргасан явуулга болов уу гэж бодож байна.
“Чингис хаан” банк Харилцаа холбооны газарт хүсэлт гаргаад хоёр хоногийн дараагаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээлүүдийг устгаж, нэг бол залруулга гаргахыг зөвлөсөн санамж бичиг явуулсан байгаа юм. Энэ нь бас нөгөө талаараа сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж буй хэрэг юм хэмээн харж байна гэсэн юм.
Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг “Монголын сайтын холбоонд 72 сайт байдаг. Сайт бүр сэтгүүлч эзэнтэй. Ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилготой. Бидэнд дарамт ирдэг ч өнөөдрийнх шиг хоёр залуу ирээд “та нар хэн юм, сэтгүүлчдийг худалдаж авч болдог биз дээ” гэх мэтээр доромжилж, дарамталсан үйлдэл гарч байсангүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл хүргэх эрхийг бүү хязгаарла. Сэтгүүлчид зөв мэдээлэл түгээх үүрэгтэй. Жилдээ 400 тэрбум төгрөг ЭМД-д хуримталдаг. Үүний 30 тэрбум төгрөгийн асуудлыг сэтгүүлч хөндсөн. Үлдсэн 360 тэрбум төгрөг мөн хаана байгааг та бүхэн судалж үзэхийг хүсэж байна” гэлээ.
Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболд “Сэтгүүлчдэд бичсэн зүйлийнх нь төлөө дарамт үзүүлэх тохиолдол байдаг. Хэрвээ сэтгүүлч хүнийг эсвэл байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзвэл хуулийн дагуу арга хэмжээ авч болно. Гэтэл "Чингис Хаан" банк асуудал дээр хуулийн дагуу бус хүч хэрэглэн дарамт үзүүлж буйг Монголын сайтын холбоо анхааран ажиглаж байна. Сэтгүүлчдийг үнэнийг эрэлхийлж бичсэнийх нь төлөө дарамталж болохгүй” гэв.