Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид жолооч нар жолооны ард гар утас хэрэглэж буй эсэхийг илрүүлдэг өндөр технологийн илрүүлэгч камерыг суурилуулжээ.
Мужийн зам тээврийн сайд Эндрю Констансын хэлснээр урьд өмнө ийм хүчин чадал, зориулалттай хяналтын камер ашиглаж байгаагүй бөгөөд дэлхийд анхдагч технологи гэжээ. Эдгээр камерууд хиймэл оюун ухааны тусламжтай ажиллах ба автомашин жолоодож буй хүн хууль бусаар гар утас ашигласан тохиолдолд илрүүлж зургийг нь авах юм байна.
Уг зургийг жолоочтой хариуцлага тооцоход хэрэглэх ажээ. Мөн камеруудын дарсан зургуудыг өндөр нууцлалтайгаар хамгаалж хадгалах юм байна. Ирэх гурван жилийн хугацаанд мужийн эрх баригчид урьдчилан мэдэгдэлгүй нууц байрлалуудад ийм зориулалттай 45 ширхэг зөөврийн камерыг байршуулна гэж мэдэгджээ.
Гар утсыг хууль бус тохиолдлоор ашигласан жолооч нарт эхний гурван сард анхааруулах зурвас илгээж түүнээс цаас 344 хүртэл доллар, сургуулийн бүсэд байвал 457 долларын торгууль оноож, жолооны үнэмлэхийг цоолох хүртэл арга хэмжээ авна.
Авто замын осол аваарыг бууруулах зорилготойгоор эдгээр камеруудыг энэ оны эхэнд туршжээ. Туршилтын хугацаанд жолоо барьж байхдаа гар утсаа хууль бусаар ашигласан тохиолдол 100,000 гаруй бүртгэгдсэн байна. Reuters-ын мэдээлснээр энэ жил Шинэ Өмнөд Уэльсэд 329 хүн авто ослоор амиа алджээ. Өндөр технологийн шинэ камеруудын тусламжтайгаар уг тоог 2021 онд 30 хувиар бууруулах зорилт тавьсан байна.
Тус мужид жолоо барьж байхдаа гар утасны дуудлага хүлээн авах, дуудлага хийх, цахим хуудсаар аялах, видео дуудлага хийх, зураг авах, тоглоом тоглох зэргийг хуулиар чанд хориглодог. Харин гар оролцох шаардлагагүй технологи ашигласан бол дуудлага хүлээн авахыг зөвшөөрдөг байна.
Эх сурвалж: www.cnn.com