Энэтхэгийн Телангана мужийн Хайдерабад хотоос өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон 27 настай малын эмч бүсгүй хүчирхийлүүлж, нүүрс болтлоо шатсан байдалтай пүрэв гарагийн өглөө олдсон юм. Тус улсын хуулиар хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын нэрийг олон нийтэд зарлахыг хориглодог боловч баасан гарагт Твиттер цахим хуудсанд түүний нэр олонд хүрч, тухайн өдрийн хамгийн их хандалтыг авчээ.
Уг хэргийг эсэргүүцсэн олон мянган эмэгтэй өнгөрсөн амралтын өдрүүдэд Хайдерабад, Дэли, Бангалор хотуудын гудамжинд гарч жагсаал хийсэн юм. Энэ хооронд хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн орон нутгийн эрх баригчид, улс төрчидтэй уулзаж хэргийг шийдүүлэхийг хүссэн боловч тэднийг хүлээж авахаас татгалзсан байна.
Хэрэгт холбогдуулан дөрвөн эрэгтэй, цагдаагийн байгууллагын гурван офицерыг баривчлан саатуулжээ. Бүсгүйг алга болсны дараа гэрийнхэн нь хотын цагдаагийн газарт мэдэгдсэн ч түүнийг гэрээсээ оргосон гэж үзэн эрэл хайгуулын ажлыг удаашруулсан хэмээн цагдаагийн ажилтнуудыг буруутгаад байна.
2012 онд Дэли хотын автобусанд оюутан охиныг хүчирхийлж амь насыг нь хороосноос хойш хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг Энэтхэгийн олон зуун мянган эмэгтэй дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
Хяналтын камерын тусламжтайгаар хэргийн үйл явц, сэжигтнүүдийг тогтоосон. Цагдаагийн газраас сэжигтнүүд гэмт хэргийг эртнээс урьдчилан төлөвлөсөн байж болзошгүй гэж үзжээ. Учир нь малын эмч бүсгүй цаг товлосон ажилдаа скүтерээр явж, түүнийг ажлаасаа гараад ирэхэд дугуйных нь хий гарсан байжээ. Ачааны машины жолооч түүнд туслахыг санал болгож бүсгүй дугуйгаа засуулж байгаа тухай гэрийнхэнтэйгээ утсаар лхагва гарагийн 18 цагийн үед ярьжээ.
Түүнээс хойш дахин холбоо барьж чадаагүй байна. Хяналтын камерт бичигдсэнээр бүсгүйг дугуйгаа засуулахыг хүлээх зуур дөрвөн эрэгтэй хүчээр замын хажуугийн мод бут руу чирж аваачиж хүчирхийлсэн байгаа юм. Бүсгүйг орилж хашгируулахгүйн тулд аманд нь даавуу чихэж, улмаар бүтэж амиа алдсан гэж үзжээ. Түүнийг амьсгал хураасны дараа гэмт этгээдүүд шатамхай бодис ашиглан шатааж, цогцсыг нь лхагва гарагийн шөнө 02 цагт гүүрэн дор хаяж, пүрэв гарагийн өглөө 05 цагт сүү тарааж байсан ажилчин хиншүү, хярвасны үнэрээр олсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 20-26 насны Мохаммад Ариф, Жоллу Шива, Жоллу Навен, Чинтакунта Ченнакешавулу нар болохыг мэдэгджээ.
Thomson Reuters байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар Энэтхэг улс эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орноор нэрлэгдсэн ба хамгийн их хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй газар гэсэн байна. 2017 онд тус улсад 33,658 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь хоногт 92 эмэгтэй хүчирхийлүүлсэн болохыг Засгийн газраас нь мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com