Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоол гаргаж хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг журамтай. Уг жагсаалтад заасан үнэ нь тухайн үнийг худалдаалах дээд үнэ байхаар заасан байдаг. Тэгвэл энэ тухай Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол гаргаж, арван хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Уг тогтоолын хүрээнд гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг Эм хангамжийн холбооныхон мэдэгдсэн юм.
Энэ үеэр уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй, шударга бус гэж үзэх болсон шалтгааныг Эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү “Би эмийн лабораторид 1978 оноос хойш ажиллаад, удирдаж явсан хоёр ШУ-ны докторын нэг. Эмийн чанарыг шинжлэхэд олон жил ажилласан. Бидэнд улс төрийн зорилго байхгүй.
Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болж байна. Учир нь импортын эмүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь “Монос” компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна. Жишээлбэл, “Монос” компанийн үйлдвэрлэдэг 10 ширхэгтэй Амоксициллиныг 9,500 төгрөгөөр, харин Итали улсаас оруулж ирдэг 20 ширхэгтэй Амоксициллиныг 3,450 төгрөгөөр үнэлсэн байгаа юм. "Монос"-ын "Урсамон" гээд эмэнд хордсон хүн гаж нөлөө ихтэй эм гэж мэдэгдэл хийж байсан.
Эмийн эмчилгээний идэвхи гэж байдаг. Моносын энэ эмийг яагаад хүмүүс авах дургүй байдаг вэ гэхээр хятадын түүхий эдээр үйлдвэрлээд биоэквивалент чанар, тогтвортой байдлын судалгааг огт хийдэггүй. Шинэ үйлдвэр ашиглалтанд оруулаад хятадын түүхий эдийг аваад шахмал капсул үйлдвэрлээд л тавьчихдаг. Ийм эмчилгээний үйлчилгээ муутай эмийг 9500 төгрөг гэж үнэлчээд идэвх өндөртэй эмийг 3450 төгрөгөөс илүү үнээр зарж болохгүй гээд тогтоосон.
Бөөрний өвчинд хэрэглэдэг "Нацид" гэдэг эмийг 280.000 төгрөгөөр зарж байсан эмийн бүртгэлд бүртгүүлээд 120.000 төгрөгөөр даатгалд олгоод одоо мөрдөж байгаа хөнгөлөлтөөр 60000 төгрөгийг иргэн төлөөд үлдсэн тавин хувийг даатгалаас авдаг байсан. Үүнийг үндсэн үнээс нь доош нь үнэлээд бөөний төв, эмийн сангууд зарах боломжгүй болгосон. Энэ нь эрэлт ихтэй байгаа хэрэглэгчдийг хохироож байна.
Зарим эмийг хэт доогуур үнэлж, эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломжгүй нөхцөл бүрдэж байна. Энэ шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломж байхгүй.
Мөн уг жагсаалтад хугацаа дууссан 50 гаруй эмийг оруулсан хэр нь импортлогчдын оруулж ирдэг хугацаа нь дуусах болоогүй эмүүдийг хассан байна.
Даатгалаар эм худалдаалах эрх авсан эмийн сангууд 1-3 сая төгрөгийн квоттойгоор үйл ажиллагаа явуулдаг учраас сарын эхний хэдхэн өдөрт квотондоо хүрчихдэг. Иргэд, өндөр настнууд дугаарлаж эмээ авдаг. Гэтэл “Монос” компанийн эмийн санд хэдэн тэрбумаар нь квот өгч байна. Эрүүл мэндийн сайд даатгалын хөнгөлөлтөөр “Монос”-ын эм авахаас өөр сонголтгүй жагсаалт гаргасан учир бид ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө өнөөдрийн арга хэмжээг зохиосон юм” хэмээв.
Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын тэргүүн Б.Батбаатар энэ асуудлаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хэрэглэгч, даатгуулагчийг хохироож, хэт нэг талыг дэмжсэн тогтоол гаргасан байна. Энэ тогтоолоо 2019 оны долдугаар сарын 29-ны өдөр гаргаж олон нийтэд энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр танилцуулж байгаа нь гэмт үйлдлээ нуун дарагдуулсан, ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байгаа.
Энэ мэтээр ганц, хоёр байгууллагыг илтэд дэмжсэн шийдвэр гаргаж байгаа нь хэрэглэгчийн эрхээр олгогдсон худалдах, худалдан авах эрхийг ноцтой зөрчөөд зогсохгүй цаашлаад Монгол хүний удмын санд нөлөөлөх, аюул учруулж болзошгүй байна. Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалыг эмийн сангуудад тэгш хангаж хуваарилах, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, бусад байгууллагуудыг тэгш оролцуулах ажлыг хийх ёстойг Эрүүл мэндийн яамнаас шаардаж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.