Орчин цагт гар утсанд донтогчдын талаар төрөл бүрийн судалгаа хийж, сэтгэцийн болоод бие махбодийн эрүүл мэндэд хортойг эрдэмтэн, судлаачид сануулсаар байна. Их Британийн Лондон дахь Хааны коллежийн эрдэмтэд нийт залуусын ¼ нь гар утаснаас хамааралтай болсон ба энэ нь донтолттой төстэй сэтгэцийн сөрөг үр дагавар үзүүлж байгааг танилцуулжээ.
Уг судалгааг хийхэд сэтгэл мэдрэлийн эмч нар орлцсон ба эдгээр гар утаснаас хамааралтай болсон залуус утаснаасаа холдоход тэвдэж сандарч бачууран, тэр бүү хэл сэтгэл санаагаар унаж эхэлдэг байна. Энэ нь аливаа зүйлд донтсон хүмүүст илэрдэг зан төлөв ажээ.
Хүүхэд залуучууд ихэнхдээ гар утсандаа зарцуулж буй цаг хугацаагаа хянаж, тооцож чадалгүй хяналтаа алддаг. Энэ байдал нь донтолттой адил сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байгааг судалгаагаар анхааруулсан байна. Судалгааг 42,000 хүний хувийн мэдээлэл дээр үндэслэн хийжээ.
Гар утаснаас хэт хамааралтай байх хорт зуршил нь стрессдэх, сэтгэл гутралд орох, нойргүйдэх, идэвх чармайлтыг багасгах сөрөг нөлөөтэй. Лондон дахь Хааны коллежийн эрдэмтэд уг донтолт ухаалаг гар утаснаас болж байна уу, түүн дээр ашигладаг апп-ууд нөлөөлж байна уу гэдгийг тодорхойлохыг зорьж байна.
Эх сурвалж: www.bbc.com