Улс орнууд хүүхдүүдээ код унших, бичих чадвараар “зэвсэглэж” технологийн дайнд бэлдэж байна. Эстони, Их Британи, Австрали улс гэхэд компьютер программчлалын хичээлийг бага, дунд сургуульд заавал үзэх хичээлүүдэд багтаагаад өгчихлөө. Харин Монгол энэ тал дээр хоцрогдоод эхэлсэн гэж та бодож болохгүй. Аль хэдийн хувийн сургуулиудын сурагч нар код бичээд 7 настай хүүхдүүд сургалтын төвөөр дамжуулан энэ талаарх мэдлэгийг авч байна.
Тэгвэл энэ сарын 24-нд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар ЕБС, МСҮТ болон их, дээд сургуулиудтай хамтран код бичдэг 10000 залуу программистыг бэлтгэх төслийг баталлаа.
Ирээдүй ч биш өнөөдөр ч эрэлт хэрэгцээ өндөр байгаа мэдээлэл технологийн салбарын ажиллах хүчнийг бэлтгэн гаргахад түлхэц болохуйц төсөл юм хэмээн Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат ярив. Тэрбээр “Нийслэлийн хүн амын 71 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Залуучуудын ихэнх нь ажилгүй байна. Тэднийг ажиллуулах ажлын байрны эрэлт хэрэгцээ мэдээлэл технологийн салбарт байна. Иймээс богино хугацаанд, өртөг зардал багатайгаар код бичиж, унших чадварыг эзэмшдэг тул үүнд багш нарыг сургаж, залуучуудыгаа бэлтгэн гаргахаар зорьсон” хэмээв.
Өмнө нь боловсрол, мэдлэг чухал байсан бол өнөөдөр ур чадвар, асуудал шийдэх болон хамтран ажиллах чадвар хамгийн чухалд тооцогдож байна.
Яагаад гэвэл өнөөдөр мэдлэгийг цээжлэхээс илүү түүнийг машинаар хайлгачих нь амар, хурдан, зардал багатай болчихсон. Мөн машин нь хүнээс хамаагүй өндөр түвшинд мэдээллийг хайх, боловсруулах чадвар улам бүр хөгжсөөр байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн мэдээлэл хайх, боловсруулах чадвараа илүү хөгжүүлэх нь оновчтой гэсэн үг. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “Гар утсаараа тоглоод сууж байхын оронд гар утсаа программчилж сур” гэж хэлсэн байдаг.
Манай улсын оюутнуудын ердөө 2.3 хувь нь IT-ийн чиглэлээр сурч байгаа нь хангалалттай үзүүлэлт биш. Иймээс нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл уг тоог нэмэгдүүлж, эрэлтийг хангах боломж бүрдэж байгаа аж.
10000 залуу программистыг бэлтгэх төслийн эхний ажлууд хийгдээд эхэлсэн бөгөөд Энэтхэгийн мэдээлэл технологийн их дээд сургууль болон компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн мэдээлэл технологийн 375 багш нарыг код бичиж сургах, сурагчдад заах хөтөлбөрийг боловсруулаад эхэлсэн гэдгийг Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат дурдсан юм. Төсөл хэрэгжих хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдийн мэдээлэл зүйн хичээлийн агуулгад код бичих хичээлийг тусгахаар болсон байна. Цаашлаад мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг суралцагч нарт, их, дээд сургуулийн хичээлд нэмэлтээр тусгах юм.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(KOICA)-тай 2017 оноос мэдээлэл технологийн 8 чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургаж байгаа билээ. Богино хугацааны уг сургалтад суусан залуусын төлөөлөл нь өнөөдөр БНСУ-ын IT компанид харьяалагдан эх орондоо ажиллаж, БНСУ-ын дундаж иргэдийн цалинг хүртэж байна.
Энэ мэтчилэн бид эх орондоо амьдрангаа дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн боловсон хүчин болох боломж хүүхэд, залуусын өөрсдийнх нь хичээл зүтгэлээс гадна эцэг, эхчүүдийн оролцоо хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд дурдаж байна. 10000 программист бэлтгэн гаргах төслийн хамгийн гол нь хүндрэл нь эцэг, эхчүүдийн хандлага гэдгийг төслийн удирдагч дурдсан юм.
Код бичих нь зөвхөн эрэгтэй хүүхдүүдийн сонирхох зүйл биш эмэгтэй хүүхдүүдээ энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Майкрософтыг үндэслэгч Билл Гэйтс “Чи код бичих эсвэл үелэх системийн эксперт байх албагүй, харин тэдгээрийг ойлгодог байхад л асар их хэрэг болно. Программ зохиож чадахгүй ч инженер хүн юуг хийж чадах, юуг хийж чадахгүй болохыг ядаж ойлгодог болох хэрэгтэй” гэсэн юм.
Иймд сүүлийн жилүүдэд хэлний дамжаанаас илүү код заадаг курсийн эрэлт хэрэгцээ өндөр болж, хүүхдүүдээ энэ талын мэдлэгийг олгохыг эрмэлзэх болж.
Манай улсад хүүхдэд зориулсан “Kids Code Academy”, “Codercub” сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа бол ахлах ангийн сурагч нарыг энэ чиглэлд сургадаг “Нэст” ахлах сургууль хүртэл байгуулагдан ажиллаж байна.
“Codercub” хүүхдэд зориулсан Монголын анхны кодинг сургалтыг үүсгэн байгуулагч М.Золбаяр: Код бичиж сурснаар хүүхэд computational thinking буюу цэгцтэй логиктой сэтгэх, problem solving буюу томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, creativity буюу бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд тухайн хүүхдийн тархинаас гарч байгаа шийдэл нь алгоритм болох ба тэрхүү шийдлээ компьютер дээр код болгон бичиж үлдээнэ. Энэ бол гайхамшигтай үйл явц. Тэднийг өөр өөр инженерийн шийдэл гаргаж асуудлыг шийдвэрлэхийг харах урамтай байдаг хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Иймд ирээдүйн ажлын байрны эрэлт хэрэгцээнээс гадна ирээдүйн иргэдийг бэлтгэхэд 10000 программист төсөл зөвхөн эхлэлийн суурийг зөв тийш нь залж буй хэрэг юм.
Хүүхдүүдийн сургалтын системд код бичих хичээл оруулснаар “ШТИМ” буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикт багаасаа дур сонирхолтой болно гэж үзжээ. Сонирхуулахад та код бичиж сурснаар доорх чадваруудыг өөртөө шингээж авах болно.
Логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх— Логикоор сэтгэх буюу юмны учир шалтгааныг илрүүлэх, яагаад гэдгийг баталгаажуулах, боломжит хувилбаруудыг олох, хамгийн зохистой аргаар шийдвэрлэх нь тархины үйл ажиллагааг эрчимжүүлдэг.
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх — Өнөөдөр та гар утсан дээрээ тоглоом татан тухайн дүрэмд баригдан тоглохоос илүү өөрийнхөө хүссэнээр дүрмийг зохиох боломжтой.
Тэвчээр болон тууштай байдал — Код бичих нь байнга амархан байдаггүй. Асуудал тулгарах эсвэл бичсэн код тань яагаад бодсоны дагуу ажиллахгүй байгааг олж, шийдэхийн тулд багагүй хугацаа болон хичээл чармайлтыг гаргах хэрэгтэй болно.
Хамтарч ажиллах — Та хэзээ ч нэг зүйлийг ганцаараа хийхгүй. Бусад хөгжүүлэгчид, харилцагч, төслийн менежер гэх мэт олон хүнтэй харилцан ажилладаг нь бусдад өөрийгөө илэрхийлэх, харилцан ойлголцох, бусдаас тусламж гуйх гэх мэт чадваруудыг танд суулгаж өгнө.