Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.29) нэгдсэн хуралдаанаар эхлээд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
Улсын Их Хурлаас 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад “холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан байна.
Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд уг хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байв. Иймээс Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэж байгаа учраас хуулийн давхардлыг арилгах үүднээс Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн уг хуулийн төслийг дагалдуулж Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Баяжуулсан хүнсний тухай хууль бусад хууль тогтоомжтой давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулиар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэсэн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуульд тусгагдсан учраас Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй гэдгийг хууль санаачлагч хэллээ.
Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа, Х.Нямбаатар нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун гишүүдийн асуултад нэмэлт тайлбар, тодруулга өгсөн юм.
Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Элдэв-Очир, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа нар үг хэлж хуулийн давхардал, хийдлийг арилгах гэж байгаа учраас төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад салбарын яам ихээхэн анхаарах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлжээ.