ОХУ-ын эрдэмтэд Сибирийн алс дорнодод Якутскийн ойролцоогоос хамар, шүд, арьс үс нь сайтар хадгалагдаж ирсэн 18,000 жилийн настай зулзган амьтны хөлдсөн бие олжээ. Гэвч уг амьтан чухам нохойн гөлөг, чонын бэлтрэгийн аль нь болохыг эрдэмтэд бүрэн нотолж чадахгүй маргасан хэвээр байгаа юм.
Шведийн судалгааны төвөөс уг биетийн хавирганы ясны бүтцийг судалж 18,000 жилийн өмнө хөлдсөн гэдгийг тогтоосон боловч чухам чоно уу, нохой юу гэдгийг тодорхойлон батлах боломжгүй ажээ.
Олон мянган жилийн тэртээ чоно, нохойн хувьслын үе байсан учраас энэ амьтан хагас чоно, хагас нохойн үр төл ч байж болох учир ихээхэн сонирхол татаж байна гэж судлаачид үзэж байна. Үргэлжлүүлэн судалсны дараа уг амьтныг гөлөг, бэлтрэг хоёрын аль болохыг тогтооно гэжээ.
Орчин цагийн ноход эрт үед чононоос үүссэн гэж үздэг ч 2017 оны судалгаагаар одоогийн ноход 20,000-40,000 жилийн тэртээ нэгэн өөр төрлийн чонон сүргээс хувьсаж үүссэн хэмээн өгүүлжээ. Гэвч 2016 онд Оксфордын их сургуульд хийсэн судалгаанд ноход Палеолитийн эрин үед Ази, Европын нутагт байсан саарал чононоос үүссэн хэмээн нийтэлсэн байдаг.
Олон улсын эрдэмтэд санал зөрөлдсөөр байгаа ч Оросын эрдэмтэн энэ амьтныг хэдий нь нохойн эр гөлөг байсан хэмээн үзэж, якут хэлээр найз, нөхөр гэсэн утгатай Догор гэж нэрлэжээ.
Эх сурвалж: www.cnn.com