ХБНГУ-ын Хүүхэд залуусын урлагийн сургуулийн сурагчид Монголын уран бүтээлч Уранчимэгийн Одмаагаас суралцах зүйл ихтэй нь энэ удаагийн бүтээлээс харагдлаа хэмээн www.morgenpost.de буюу Берлиний өглөөний сонины цахим хуудсанд нийтэлжээ.
Урлагийн сургуулийн хүүхэд залуус У.Одмаатай хамтран, түүний удирдлаган доор шавраар хэрхэн хонх хийж дуугаргах болон Монголын тал нутагт хонх ямар утга учир агуулдгийг судалж, суралцан 130 ширхэг шавар хонх урласан байна.
Хүүхдүүд эдгээр хонхоороо Буддагийн дүр бүхий баримал бүтээж, Германы нийслэл Берлиний алдарт Кудамм өргөн чөлөөнд босгожээ. Монголчууд хүүхдүүддээ хонх зүүснээр тэднийг гэрээсээ холдсон эсэхийг мэдэж, чимээ чагнадаг уламжлалтай.
Монгол-Германы уран бүтээлчдийн соёлын солилцооны хүрээнд уран баримлыг бүтээсэн ба Берлин хотын зөвлөлийн соёлын хэрэг эрхэлсэн дарга Хэйк Шмит Шмельц, Хүүхэд залуучуудын урлагийн сургуулийн захирал Карин Фортриеде Ланге нар даваа гарагийн орой У.Одмаагийн удирдсан бүтээлийг албан ёсоор нээжээ.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд уран бүтээлчид, эрдэмтэн шинжээчдийг харилцан солилцож түүхэн өв соёл, боловсролын харилцаагаа сайжруулах арга хэмжээг зохион байгуулж байна.