FIFA DAYS-ын хүрээнд Монголын хөл бөмбөгийн шигшээ баг энэ сард албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай. Эхний тоглолтоо манай залуус Сингапурын эсрэг хийж 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээгээд байв. Тэгвэл өчигдөр Лаос улсын Үндэсний Цэнгэлдэх хүрээлэнд тус улсын шигшээ багтай тоглож 4:1-ийн харьцаатай хожив.
Тоглолтын хувьд 23 минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн ч энэ гоолоос ердөө таван минутын дараа манай багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьсан байна.
Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авчээ. Ингэснээр 73 минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод тэргүүлэх боломж олгосон.
Үлдсэн цагт тоглолт сонирхолтой үргэлжилж М.Жансерик 75, Н.Наранболд 83 нар тоог 4:1 болгосноор тэмцээн Монголын тамирчдын хожлоор өндөрлөв. Өмнө нь манай шигшээ баг Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан бол өчигдөр ялалт байгуулж Монголчуудаа баярлуулав.
Тус тоглолтыг Лаос улс дахь бүрэн эрхт элчин сайд болон элчин сайдын яамны ажилчин алба хаагчид, Лаос улсад суралцаж, ажиллаж амьдарч буй монголчууд хүрэлцэн ирж үзэн шигшээ багаа дэмжсэн байна.