Цагдаагийн гурван офицер бусдад эрүү шүүлт тулган эрүүл мэндийг нь хохироосон хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд хорих ял шийтгэжээ
Тус газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, хошууч Г.Энхтулга, мөрдөгч, хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарт хорих ял оноосон байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн Прокурорын газраас ахмад Б.Батбаярт Эрүүгийн хуулийн 21.12-1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл ногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”, 11.1-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, харин нөгөө хоёрт нь эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Тэднийг хэрэгт шалгуулж байсан иргэн О-ыг зодож, хөлийг нь хугалсан гэх үйлдэлд буруутгажээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалан уг хэргийг энэ сарын 19-нд хянан хэлэлцээд Б.Батбаяр, Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцсон байна.
Улмаар Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нарт нэг жил зургаан сар хорих ял шийтгэжээ. Харин Б.Батбаярт эрүү шүүлт тулгаснаас гадна хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай нь хангалттай нотлогдсон гэж дүгнэн нийт дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна.