Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Гэсэн ч 2019 оны төсөвт хуулийн хэрэгжилттэй холбоотой ямар ч хөрөнгө суулгаагүй гэлээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Хэлмэгдэгсэдтэй холбоотой хууль анхнаасаа гарах гэж их зовлон үзсэн, эсэргүүцэлтэй тулсан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, манай холбоо хамтран энэ хуулийг 1990 оноос хойш хөөцөлдөөд 1998 онд арай гэж батлагдаж байлаа. Хэлмэгдэгсдийн асуудал ярихаар дандаа л улстөрждөг. Яг хэлмэгдсэн хүмүүсийн зүрх сэтгэлд ойрхоноор асуудалд хандаж чаддаггүй. Зовж, зүдэрсэн хүмүүс өөрсдийгөө төр хамгаалчих байх, бидний асуудлыг зөв өнцгөөс харах байх гэсэн горьдлого тээж ирсэн. Гэсэн ч хэлмэгдсэн хүмүүс, тэдний үр хүүхдийг шоовдорлосон хэвээр байна. Хуучин нийгэмд эсэргүүний хүүхэд гэж хочилно, боловсрол эзэмших эрхийг нь хаадаг. Дандаа л ад үзэгдэж, нийгмийн захад явж ирсэн. Ардчилсан нийгэмд шилжсэнээр тэр хүмүүсийг дэмжчих юм байна гэж бодтол дахиад л гадуурхаж эхэлсэн. Хууль гарсан нь нэг талаар ач холбогдолтой ч гэсэн хууль гарах гэж их юм болсон доо. Одоо хэрэгжих асуудал дээр төр, засаг дахин хэлмэгдсэн иргэдийг, тэдний үр хүүхдийг шоовдорлож эхэллээ.
–Хууль батлагдсанаар энэ асуудал шийдэгдээгүй гэж үү?
-Хууль хэрэгжсэнээр тухайн хүмүүсийн нэр төр нэгдүгээрт сэргэж байна. Сэтгэл санааны дэмжлэг гээд цаазлагдсан бол сая төгрөг, цаазлагдаагүй амьд сэрүүн байгаа бол 500 мянган төгрөг өгч байсан. Энэ хуулийн ач холбогдол одоо дуусах шат руугаа явж байна. Гэхдээ нэг асуудал бий. Тухайн он жилүүдэд хэлмэгдсэн хүмүүсийн эд хөрөнгийг хүчээр хураасан. Тэгэхээр төр хураасан зүйлээ төлөх л ёстой. Булааж авсан тэр хөрөнгийг буцааж олгоё гэсэн хууль санаачлаад явж байгаа хүмүүс бий. Мөн энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан. Хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 13.2.1, 2 дээр хэрэв цаазлагдсан бол төрсөн буюу үрчлэгдсэн хүүхдэд нь 80 сая төгрөг олгохоор заасан байна. Хэлмэгдсэн хүмүүс маань энэ хуулийн хэрэгжилтийг хүлээсээр байна. Зарим нь эрхээ эдэлж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Миний мэдэхээр тухайн үед Дорнодын дарга байсан С.Баяр гэдэг хүн хэлмэгдсэн. Түүний хүү гадаад худалдааны газар ажиллаж байсан Баярсайхан хүн байлаа. Тэр хүн энэ асуудлаа хөөцөлдөж байгаад нас барсан. Мөн өчигдөрхөн 80 гаруй настай хөгшин ирж уулзлаа. “Бид бас л гологдсон шоовдорлогдсон хэвээр байна. Хууль нь гарчихаад байхад яагаад хэрэгжихгүй байна” гэж байна. Энэ хуулийн хэрэгжилтийг хүлээсэн хүмүүс олон байна даа.
Зовж, зүдэрсэн хүмүүс өөрсдийгөө төр хамгаалчих байх, бидний асуудлыг зөв өнцгөөс харах байх гэсэн горьдлого тээж ирсэн. Гэсэн ч хэлмэгдсэн хүмүүс, тэдний үр хүүхдийг шоовдорлосон хэвээр байна. Хуучин нийгэмд эсэргүүний хүүхэд гэж хочилно, боловсрол эзэмших эрхийг нь хаадаг. Дандаа л ад үзэгдэж, нийгмийн захад явж ирсэн.
–Төр, засаг хэрэгжүүлэх асуудал дээр яагаад ийм хойрго байгаа юм бол доо?
-Хуулийн өөрчлөлтийг УИХ ямар ч гэсэн баталсан. Гэтэл хэрэгжүүлэх асуудал Засгийн газар дээр ирээд гацчихаад байна. Манай холбооноос өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад албан бичиг явуулсан. “Та хэлмэгдсэн хүмүүсийн зовлонг ойлгооч ээ. Ядаж нэг удаа сэтгэлийг нь дэвтээх хэрэгтэй байна” гэсэн агуулгатай бичгийг явуулахаас өөр арга байгаагүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг удаа “Төрд буруу зүйл хийсэн хуулиа биелүүлэхгүй хүмүүсийг цавчих хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хүн цавчдаг хүн байгаа биз. Гэтэл хуулийн дагуу хэлмэгдэгсдэд өгөх зардлыг Улсын төсөвт оруулах ёстой байтал өөрөө цавчаад хаячихаж байна л даа. Ингэж хэлмэгдсэн хүмүүсийг доромжилмооргүй байна. Үе үеийн Ерөнхий сайдууд энэ асуудалд ингэж хандаж ирсэн. Хэлмэгдсэн хүмүүсийн хатаагүй байгаа энэ нулимсыг битгий доромжилж, басамжлаач гэж хэлмээр байна. Залуу хүн, эр хүний хувьд, энэ асуудалд зоригтой хандаасай гэж хүсч байна.
–Төсөвт суулгахаар бол хэд орчим төгрөгийн хөрөнгө шаардлагатай вэ?
-36 тэрбумын хөрөнгө шаардлагатай. Гэхдээ үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлж болох л асуудал. Наад зах нь өндөр настай 300 гаруй хүн бүртгүүлсэн байна. Ядаж тэр хүмүүсийн асуудлыг шийдээд эхлэх хэрэгтэй. Ер нь хэлмэгдсэн хүмүүсийн үхэхийг л хараад байгаа юм шиг нөхцөл байдал ажиглагдаж байна. Хуульдаа бол 2019 оноос хэрэгжинэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр энэ асуудалд Монголын төр хариуцлагатай хандмаар байна. Хэлмэгдэгсэд маань үндэсний цөөнх шиг болчихлоо. Бүх л асуудлаар гадуурхаж шоовдорлоод байдаг. Бид уг нь аливаа асуудлаа улстөржүүлэхгүй юм сан гэсэн үүднээс хандаж ирсэн. Мөн 2019 оны төсвийг бид анхааралтай ажиглаж байна. Төсвийн хөрөнгөө УИХ-ын гишүүд тойрогтоо булаацалдаад авчихдаг. Тэд ахиж сонгогдохын тулд тойрогтоо мөнгө нэмүүлж байна. Гэтэл энэ нэг хэсэг хүмүүсийн оюун ухаан, сэтгэл санаанд сэтгэл гаргах хүн алга. Төр өнөөдөр шударга ёсыг тогтооно, хариуцлагатай байна гэж ярьдаг. Тэр нь хаана байна вэ. Өргөдөл гомдлын хуулиараа бол албан бичиг өгөхөд төрийн байгууллага ажлын тав хоногт эргээд хариуг нь өгдөг. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдад өгсөн бичгийн хариу ч ирээгүй байна. Тэгэхээр төр өнөөдөр ажлаа хийж байгаа эсэх нь эргэлзээтэй асуудал боллоо.
-2019 оны төсөв нэлээд асуудал дагуулж байна. Гэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө задлахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Тэгэхээр та бүхний ярьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?
-Энэ асуудлыг шийдье гэсэн сэтгэл байхад хэзээ ч шийдэж болно. Үндсэн хуульд нэг шөнө л гар дүрээд дордохын долоон өөрчлөлтийг хийж байсан шүү дээ. Гэтэл төсөв боочихсон, үүнд халдаж болохгүй гэж ярьж болохгүй. Тухайлбал, барилгын зураг нь гараагүй байхад төсвийг нь тавьчихаж байна. Үүнийгээ л больчих хэрэгтэй. Хулгай хийхдээ зоригтой, хүний төлөө байхдаа хойрго хандаж болохгүй. Энэ хуулиа биелүүлж, 2019 оны төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг суулгахгүй бол бид Засгийн газрыг огцруулах асуудлыг хурцаар ярина.