Илжигнээс гаргаж авдаг эжиао гэх царцмагийн төрлийн бэлдмэл Хятадын анагаах ухаанд түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Гэвч ирэх таван жилийн хугацаанд уг бэлдмэлийг гаргаж авахын тулд дэлхий дээр байгаа илжигний тэн хагас нь устаж үгүй болно гэсэн судалгааг танилцуулжээ.
Дэлхий дээр 44 сая толгой илжиг байдаг ба БНХАУ-ын анагаах ухааны салбарт жилд 4,8 сая илжгийг нядалж, арьснаас нь эжиаог гаргаж авч байна гэсэн тооцоог гаргасан байна.
Бразил улсад илжигний тоо толгой 2007 оноос хойш 28 хувиар, Бостванад 37, Киргизстанд 53 хувиар буурчээ. Мөн илжигний арьсыг Хятад руу худалдаалахын тулд Кени, Гана зэрэг орнуудад илжиг устаж үгүй болох аюул нүүрлээд байна.
Хулгайгаар илжгийг тээвэрлэх явдал ихэссэн ба холын аянд ус, өвс өгөлгүй авч явснаас тэдгээр хулгайгаар зөөвөрлөгдөж буй илжигнүүдийн 20 хувь нь замдаа үхэж байна. Мөн илжиг гэмтэж бэртэх, өвчилсөн үед хэрэгцээгүй болдог тул үй олноор нь нядалдаг ажээ.
Хятадын уламжлалт анагаах ухаанд олон мянган жилийн тэртээгээс илжигний арьснаас гаргаж авсан царцмаг цусны эргэлтийг сайжруулж, цус багадалт зэрэг олон төрлийн өвчин эмгэгийг эмчлэх увидастай гэж үзэн хэрэглэж ирсэн байна. 1992 оноос хойш Хятадад илжигний тоо толгой 76 хувиар буурчээ.
Илжиг нь удаан үрждэг амьтан ба гүү унагаа жилийн турш тээдэг төдийгүй хүнд хэцүү нөхцөлд ажилладаг учраас хээлээ алдах нь элбэг гэдгийг илжиг үржүүлгийн газраас мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com