ХБНГУ-ын төрийн тэргүүний үүргийг 1984-1994 оны хооронд гүйцэтгэж байсан Ричард фон Вайцзеккерын төрсөн хүү Фриц фон Вайцзеккерыг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг мягмар гарагийн орой гарсныг цагдаа нар мэдэгджээ.
Ерөнхийлөгч агсан дөрвөн хүүхдийн нэг 59 настай анагаах ухааны доктор Фриц халдлагад өртөх үедээ Берлин хотын баруун дүүрэг Чарлоттенбург дэх клиникийн эмнэлэгт лекц тавьж байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар 19 цагийн орчимд хутгатай эрэгтэй лекцийн өрөөнд орж халдлага үйлджээ. Ерөнхийлөгч агсны хүү газар дээрээ амиа алдсан ба 57 настай гэмт этгээдийг баривчилсан байна.
Халдлага болох үед цагдаагийн офицерын үүрэг гүйцэтгэгч сэжигтнийг саатуулжээ. Сэжигтнийг барьж цагдаа нарт тушаасан үүрэг гүйцэтгэгч шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гэмт этгээд чухам ямар сэдэлтэйгээр экс Ерөнхийлөгчийн хүү рүү дайрч амь насыг нь хороосон болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Бусдын гарт амиа алдсан Фриц фон Вайцзеккер нь дотрын эмч, эмнэлгийн дарга бөгөөд Фрайбургийн их сургуулийн анагаах ухааны сургуульд суралцаж, Харвардын анагаах ухааны сургууль, Цюрихын их сургуулийн эмнэлэг зэрэг гадны томоохон төвүүдэд ажилласан туршлагатай мэргэжилтэн байжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн отгон хүү юм.
Түүний эцэг Ричард фон Вайцзеккер 1884-1990 онд буюу Берлиний хана нурах хүртэл баруун Германы төрийн тэргүүнээр ажиллаж байгаад, 1990-1994 оны хооронд нэгдсэн Германы Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн түүхэн эрхэм билээ. Ерөнхийлөгч агсан 2015 онд 94 насандаа таалал төгсчээ.
Эх сурвалж: www.cnn.com