“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас өнөөдөр /2019-11-20/ Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хууль бусаар гарын үсэг зурсан талаар гаргасан шүүхийн шийдвэрийг танилцууллаа.
"Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлд "Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 1 болон 5 дугаар сард гаргасан дөрвөн захирамж буюу ажлын хэсэг байгуулах, гарын үсэг зурах, эрх олгох, удирдамж батлах тухай захиргааны актуудыг илт хууль бус болгохыг тогтоолгох тухай" дурджээ.
“Дархан Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн билээ.
Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн, захирамжуудыг хууль бус болохыг тогтоосон гэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс даваа гарагт мэдээлсэн юм.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа Turquoise Hill Resources мэдэгдсэн.
Тэгвэл "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-ын эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ:
-Ерөнхий сайдын дээрх 4 захирамж, ялангуяа Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон зарирамжууд илт хууль бус болох нь тогтоогдсноор хууль бус этгээдүүд гарын үсэг зурсан "Оюунтолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" гэгч бичиг баримт хууль бус болох нь ойлгомжтой асуудал юм. Ингэснээр Монгол Улсад асар их хэмжээний хохирол учруулж байгаа "Дубайн гэрээ", түүн дээр үндэслэн байгуулагдсан олон тооны гэрээ, хэлцлүүд бүгд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус болж байгаа гэж бид үзэж байна. Иймд УИХ, Засгийн газраас энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэн хууль бус тохиролцооны үйлчлэлийг нэн даруй зогсоох нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газар 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй бөгөөд "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-ын зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газар давж заалдаад нэмэргүй, харин ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин тохиролцоонд хүрч гэрээг байгуулах хэрэгтэй хэрэгтэйг дурдав.