СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

FACTCHECK: Кембриджийн хөтөлбөрийг устгах Ж.Энхбаярын хорт ажиллагаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Сүүлийн таван Засгийн газрыг дамжин есөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн боловсролын стандарт, хөтөлбөрөөр хичээллэдэг “Монгол тэмүүлэл” сургуулийг УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяр нурааж, Монгол Улсын боловсролын салбарт сүүлийн есөн жилийн хугацаанд гарсан бахдам амжилтыг устгах хорлонт ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж буйг факт чек нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар хүргэж байна.

КЕМБРИДЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛСАН ТҮҮХ

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг баталжээ. Уг хөтөлбөрт “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн боловсролын стандарт, хөтөлбөрөөр хичээллэдэг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг байгуулна” хэмээн зааж өгсөн нь Монголоос өөр хаана ч хүлээн зөвшөөрөгддөггүй “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ” гэх үнэ цэнгүй цаасыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлын эхлэл байжээ.

Дэлхийн 160 орны 5000 гаруй сургуульд аль хэдийнээ нэвтрээд эхэлчихсэн Кембриджийн олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудыг байгуулахын тулд С.Батболдын Засгийн газар Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй 2011 оны дөрөвдүгээр сард “Монголын бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж уг хөтөлбөрийг Монгол хэрэгжүүлэх зөвшөөрлийг албан ёсоор авчээ.

Засгийн газрын зүгээс эхний ээлжид Кембриджийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг Ерөнхий боловсролын 30 сургуулийг байгуулахаар төлөвлөж байсан боловч хөрөнгө санхүү, байр сууц, боловсон хүчин зэрэг хүчин зүйлсүүдийн улмаас “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэх гурван сургуулийг л байгуулж чаджээ.

Кембриджийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвөөс 2012 оны гуравдугаар сарын 23-ны өдөр  “Кембриджийн олон улсын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гэрчилгээг “Монгол тэмүүлэл” сургуульд албан ёсоор өгснөөр тус сургууль Монгол болон Кембриджийн хос хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг юм.

“Монгол тэмүүлэл” сургууль 2014-2015 оны хичээлийн жилд дэлхийн аль улсад хүлээн зөвшөөрөгддөг бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй анхны сурагчдаа төгсгөсөн бөгөөд өдгөө 200 гаруй сурагчдыг төгсгөөд байна.

Монгол болон Кембриджийн олон улсын хос хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн 200 гаруй төгсөгчдийн 45 хувь нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж байна.

“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид АНУ, Австрали, Англи, Герман, Канад, Франц, Япон, ОХУ, Хятад, Унгар, Солонгос зэрэг улс орнуудын ямар их дээд сургуулиудад суралцаж байгаа талаарх жагсаалтыг та бүхэн сая харлаа.

Монгол тэмүүлэл сургуулийн сурагч, төгсөгчдийн  энэхүү амжилт “Дэлхийн 160 улсад шууд хүлээн зөвшөөрөгддөг бүрэн дунд боловсролын гэрчилгээ бүхий сургалтыг, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд, ямар үнэ төлбөргүйгээр эх орондоо эзэмшиж болдог юм байна. Тэрний төлөө илүү ихээр шамдаж суралцах ёстой юм байна гэсэн итгэл найдварыг Монголын мянга мянган сурагчдад төрүүлжээ. Ингээд монгол улсын 21 аймаг, есөн дүүргийн сурагчид “Монгол тэмүүлэл” сургуульд элсэн суралцахын төлөөх их өрсөлдөөнд өөрсдийгөө бэлтгэж эхэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй 2011 онд байгуулсан санамж бичигт “Кембриджийн олон улсын хөтөлбөрт зориулан стандарт шаардлагад нийцсэн хичээлийн байрыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна гэсэн заалт байдаг.

Уг заалтыг хэрэгжүүлэх үүднээс ”БСШУСЯ-ны захиалгаар Кембриджийн олон улсын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа “Монгол тэмүүлэл” сургуульд зориулан, олон  улсын стандарт шаардлагад нийцсэн сургалтын орчин, хичээлийн хэрэглэгдэхүүн бүхий байрыг  4.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр бариулж, 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн БСШУСС-ын А/196 тоот тушаалаар хүлээлгэн өгсөн байна. Боловсролын сайдын гаргасан дээрх тушаал шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 444 дугаартай тогтоолоор уг хичээлийн байрыг “Монгол тэмүүлэл” сургуулийн данс тооцоон дээр албан ёсоор бүртгэжээ.

Ингэснээр тус сургууль элсэгчдийнхээ тоог өсөн нэмэгдүүлж, дэлхийн аль улсад шууд хүлээн зөвшөөрөгддөг дипломтой, англи, хятад хэлээр чөлөөтэй ярьж чаддаг төгсөгчдийнхөө тоог одоогийн түвшнээс 3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм.

Гэвч

Монголын сурагчид ямар ч үнэ төлбөр төлөхгүйгээр, дэлхийн аль ч улс оронд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшиж байгаад хорсон зэвүүцсэн бүлэглэл 2019 онд гэнэт гарч ирлээ. УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяр гэх толгойлогчтой, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр нарын хэрэгжүүлж буй маш хорлонтой, басхүү жигшүүртэй үйл ажиллагаа нь Кембриджийн олон улсын хөтөлбөрийн хэрэгжилтийг гацаах, үйл ажиллагааг нь сулидуулан ганхуулах, цаашлаад энэхүү хөтөлбөрийг бүр мөсөн зогсоох гэсэн хорт ажиллагаа болно гэж хэн санах билээ.

ЯАЖ ИЙМ ЗҮЙЛ БОЛОВ?

УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяр гэгч хүн УИХ-ын 2016 оны сонгууль нэр дэвшихдээ би Баянзүрх дүүргийн 26-р хороог улсын сургууль цэцэрлэгтэй болгож өгнө хэмээн амлаж тус хороонд ялалт байгуулж байжээ.

Тэрбээр 2017 оны долдугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод 8762 дугаартай албан бичиг илгээж, “Миний бие Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 920 хүүхдийн сургууль барих 6.6  тэрбум төгрөгийн төсвийг Улсын төсөвт тусгуулсан боловч газрын асуудлаас үүдэн сургуулийн барилгын ажил хойшилсоор байна. Энэ асуудлыг анхааралдаа авч газар зохион байгуулах ажлыг яаралтай шийдвэрлэхийг хүсье” хэмээж байжээ. Ж.Энхбаяр гишүүний гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2018 оны наймдугаар сарын 23-ны өдөр захирамж гарган Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт олимп хотхоны дунд 7500 мкв газрыг 920 хүүхдийн сургуулийн зориулалтаар гаргаж өгчээ.

Гэвч 920 хүүхдийн сургууль барих зориулалтаар олгосон 7500 мкв газрыг өмнө нь эзэмшиж байсан ИКА гэх компани Ж.Энхбаяр гишүүнийг маш хурдан өөрийн болгож урвуулснаар, 920 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг гацаалаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мөн л өөрийнхөө фэйсбүүк дэх хуудсандаа өмнө хэлж ярьж байснаас 180 хэм эргэсэн пост оруулав. Тэрбээр “Олимп хотхоны газрыг шууд улсад авах хуулийн гаргалгаа байхгүй. Тэр газар дээр бага сургууль бариад харьцангуй бага төлбөртэйгээр сургана гэж захирал нь амлалт өгөөд гарсан. Хэлсэн амлалтандаа хүрнэ гэж итгэж байна” гэх алдарт постоо оруулжээ.

Нэг жилд 2 тэрбум 899 сая төгрөгийн орлого олдог, ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн нэн хөнгөлттэй зээлийг авдаг тэрбумтан гишүүн Жадамбын Энхбаярын хувьд  харьцангуй бага төлбөр гэж юу байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ 920 хүүхдийг үнэ төлбөргүй сургах байсан сургуулийн барилгын ажлыг гацааж, жилийн 5-50 сая төгрөгийн үнэтэйгээр үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуульд уг газрыг өгсөн Ж.Энхбаяр гишүүнийг үйлдлийг даанч юу гэхэв дээ.  

ИКА гэх компанид амаа таглуулсныхаа дараа Ж.Энхбаяр гишүүн сонгуулийн амлалтаа биелүүлсэн болж харагдахын тулд “Монгол тэмүүлэл” сургуульд зориулан барьсан хичээлийн шинэ байрыг булаах ажлаа эхлүүлэв.

Ингэхдээ  УИХ-ын сонгуульд нэр дэвших үед дэмжиж ажилласан Б.Батдэлгэр гэгч нөхрийг өмнөөсөө турхирч дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг боловсролыг үнэ төлбөргүй олгож байгаа “Монгол тэмүүлэл” сургуулийн албан ёсны өмчийг хууль бусаар дээрэмдэн авах, бузар ажиллагаагаа явуулсан.

Ж.Энхбаярын итгэлтэй хамтрагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх сэтэртэй Б.Батдэлгэр “Монгол тэмүүлэл”-ийг нүүлгэх байр судал гэдэг ийм тушаал гарчихлаа гэж надад 30-ны орой 09:00 цагт гучин чинь тав дахь өдөр байлуу даа. Би орой 9 цаг хүртэл яамны гадаа сууж байгаад л тэр тушаалын хуулбарыг гялс гаргуулаад авч байсан байхгүй юу. Сайд нь үүрэг өгчихөөд, сайдын тушаалыг албажуулаад гарын үсэг зурж, бланкан дээр тавиад дээрээс нь гарын үсэг зуруулаад тэгээд тамга дардаг. Тамга нь төрийн захиргаа, удирдлагын газрын дарга дээр байдаг. Тэр даргаа хүртэл гэрээс нь дуудаж ирүүлж байгаад орой надад 9 цагт энэ тушаалыг өгч байсан байхгүй юу” хэмээн гайхуулан ярьсан бичлэг бидэнд ирсэн юм.

БСШУСЯ-ыг тэр чигээр нь хөдөлгөж, Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баталсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сүүлийн есөн жилийн турш хэрэгжүүлж байгаа Кембриджийн олон улсын хөтөлбөрийг байхгүй болгоно шүү хэмээн бааварлан хашхирч байгаа Б.Батдэлгэр, түүнийг ардаас нь хөшүүрэгдэн дэмжиж байгаа Жадамбын Энхбаяр хоёрын хорт ажиллагааг хэн хаанаас захиалж хийлгэж байгаа нь одоохондоо тодорхойгүй байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жадамбын Энхбаяр гэх гишүүнийг барина хэмээн амласан 133 дугаар сургуулийн барилгын ажил одоо ч гэсэн үргэлжилж байгаа бөгөөд ердөө есхөн сарын дараа ашиглалтад орох нь тодорхой байгаа юм. 133 дугаар сургуулийн хичээлийн байрыг ашиглалтад орохоос өмнө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг үнэ төлбөргүй олгож байгаа гуравхан сургуулийн нэгийг татан буулгахаар улайрч байгаа нь яавч эрүүл хүний хийх үйлдэл биш билээ.

Нэгдүгээр хэсэг төгсөв

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.