“Сентерра гоулд Монголия” ХХК Монгол улс дахь өөрсдийн хувь эзэмшлээ зарж, гарах болсноо энэ сарын 12-нд нийтэд зарлалаа. Сингапурт хоёр сарын өмнө байгуулагдсан OZD Asia PTE ХХК нь “Сентерра”-гийн гэх бүхнийг өөртөө агуулдаг “Сентерра Нидерланд” ХХК болон “BVBA” ХХК-иудыг 35 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр Канадад төвтэй “Сентерра гоулд” компани Монгол улс дахь “Сентерра гоулд Монголия” ХХК болон Цагаан овоогийн ордыг “Степпе гоулд” компанид зарсны тав, таван сая ам.долларыг энэ сард дансандаа хийж байна.
Авсан, өгсөндөө өлзийтэй байх болтугай гэж монголчууд хэлдэг.
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүхийн маргаан Захиргааны хэргийн анхан шат руу саяхан буцсан. Шүүх хурал нийтдээ 40 орчим удаа хойшилсон. Энэ нь хэдийгээр анхандаа лиценз цуцлуулахтай холбоотой маргаан биш байсан бөгөөд “Камеко гоулд” гэдэг нэртэй байсан компани яагаад “Сентерра гоулд” болсон бэ гэсэн маргаанд нэр бүртгэн авсан Ашигт малтмал газрын тосны газар хариуцагчаар татагдсан. Гэвч явцын дунд лиценз цуцлуулах маргаан болж хувирсан билээ. Шилдэг татвар төлөгчөөр айргийн тавд явдаг компанийг Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд 50 тонн алт татваргүй авч гарсан гэж муушаасан учир Турк зэрэг ирээдүйтэй орддоо илүүтэй санаа тавихаар Монголоос гарч явлаа.
OZD Asia PTE ХХК хоёр сарын өмнө Сингапурт бүртгэгдсэн. Монгол улсын иргэн Э.Дөлгөөн болон Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг. Э.Дөлгөөн нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь гадаад бодлогын зөвлөх, UB post сонинд сэтгүүлч, Улаанбаатар хотын банкинд ажиллаж гэсэн мэдээлэл байна.
12-нд энэ мэдээлэл цацагдахад ХХБ-ны ерөнхий захирал Д.Эрдэнэбилэг энэ наймааны ард байна гэсэн мэдээлэгдэж байсан. Э.Дөлгөөн нь Улаанбаатар хотын банкинд ажиллаж байсан нь үнэн бол энэ бүх наймааны ард “Сахал” Д.Эрдэнэбилэг, цаашилбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар байх өндөр магадлалтай болж байгаа юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Гацууртын ордыг монголчууд авлаа гэсэн мессежийг зориуд тарааж байна. Э.Дөлгөөн гэдэг нь монгол хүн учир ийн мэдээлж, тархи угаах гэж оролдож байгаа бололтой. Гэвч Австрали, Малайзаас хөрөнгө оруулалт татсан гэдгээ нуухгүй байгаа нь хөөрхөн. Хөрөнгө оруулалт хаанаас татсанаас үл хамаараад Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөн эсэргүүцэх нь зүй. Тэд Ноён уулаа хөндөхийг эсэргүүцсэн. Онгон дагшнаар нь хадгалъя хэмээн урт удаан хугацаанд туйлбартай тэмцсэн шүү дээ.
Мөн 2016 оны хоёрдугаар сарын 4-ний УИХ-ын тогтоолоор Гацууртын ордын 34 хувь төрийн мэдэлд байгаа. Тэд мөн энэ шийдвэрийг эсэргүүцэн “Ухуулахгүй, төнхүүлэхгүй” гэсэн билээ. Тэгэхээр төртэй 34 хувийг хэрхэх талаар шинэ эзэд хэлэлцээрт орж таарна.
Гацууртын ордыг ашиглахын эсрэг, Ноён уулаа хөндүүлэхгүй байхын төлөө хэн, хэн тэмцэж байсныг мартах болоогүй байна. Эдгээр хүмүүс лиценз зарагдсаныг хэрхэн үзэж байгаа нь нийгэмд тун сонин байгаа билээ. Ухуулахгүй гэж бөөлсөн хүмүүс одоо юугаа хэлж, хуйхаа маажих бол?
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга Ноён уулын цэвдэгийн асуудлыг өндөрт өргөн тавьж, төрийн өндөрлөгүүдэд хандан монгол бичгээр таталган бичиж, “Ноён уулыг бүү хөндөөч” хэмээн гуйж байсан.
Босоо хөх монгол бүлгэмийн тэргүүлэгчдийн нэг Х.Бээжин Хэлмэгдэгсдийн хөшөөнд өлсгөлөн зарлаж, “Олборлолтоос сульфиттай чулуу гарахаар байгаа. Энэ хорт бодис Гацууртын гол руу орох магадлалтай” хэмээн ярьсан нь цагаан дээр хараар дурайж байгаа. Босоо хөх монголын Л.Шинжээравдан ус, ургамлын талыг асуудлыг дагнан эсэргүүцсэн бол доктор Ш.Пүрэвсүрэн хүнцэлийн хор хохирлын тухай хоолойгоо сөөтөл хөндөж “Ноён уулаа ухаж болохгүйн учир” хэмээн удаа дараа нийтлэл туурвисан.
Ноён уулын үүх түүх, түүхийн үнэт дурсгал, эд өлгийн талаас нь зүйл археологич Д.Эрдэнэбаатар уран яруугаар тайлбарласан бол, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид төрийн өндөрлөгүүдийг бүгдийг нь олон жил занаж зүхэж ирсэн билээ.
“Камеко гоулд” нэрээ “Сентерра гоулд Монголия” болгон өөрчилсөн өөрчлөлтийг өмгөөлөгч Г.Батбаяр өлгөн авч гурван жилийн турш шүүхийн зарга өдүүлж яваа ба “Яагаад монголчууд өөрсдөө ашиглаж болохгүй гэж?” хэмээн үе үе мэдэгдэж байсан.
Тэдний хүссэн юм хүзүүгээр татлаа. Сентерра зайллаа. Үхэн үхтлээ эсэргүүцсэн тэд Гацууртын шинэ эздийг юу гэж хэлж угтах бол?
Өнгөрсөн хугацаанд Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөнд нэр төрөөрөө доромжлогдсон олон хүн байдаг. Тэд бол Сентерра гоулдын өмгөөлөгч, хуульч нар болон ШУА-ийн эрдэмтэд, төр 34 хувийг нь эзэмших ёстой гэж үзсэн УИХ-ын гишүүдийн 71 хувь нь юм. Ноён уулын булш бунхны тухай мэдээлэл өгөхөөр Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр ирсэн эрдэмтдийг Босоо хөх монголын залуус зодох гэж дайрахад нэг нь “Ах нь толгойгоороо хоолоо олж иддэг хүн. Ахынхаа бөгс рүү цохиорой” гэж хэлж байж мэнд мултарсан тухай ярьж байсан.
“Сентерра”-гийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хуульчдыг хэлэх хэлэхгүй үгээр хэлэх, доромжлох, сүрдүүлдэг талаар наймаа нэгэнт явагдаад дууссан учир ярих цаг нь болсон гэж үзэж байна.
“Ноён уулыг ухуулбал, эцэг эхийн чинь булшийг ухаж, хөндөнө шүү” гэх зэргээр тэднийг удаа дараа заналхийлж байсан нь сонины шарласан хуудаснаа үлджээ. Шүүгч нар шийдвэрээ хэлэлцэхээр шүүх танхимыг орхисон үед ТББ-ынхны гаргадаг доромжлолыг харсансан бол ямар авир төрхтэй хүмүүс гэдгийг нь таньж ой гутах байсан. Шүүх хуралд оролцохоор ирсэн өмгөөлөгчийн биед нь хүртэл халдсан хэрэг гарсан. Уг нь эд нар Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажиллах, үг хэлэх эрхээ эдэлж байгаа хүмүүс шүү дээ.
Тэгэхээр ингэж их эсэргүүцсэн хүмүүс өдгөө “Монголчуудад ирсэн учир ухаж болно” гэж хэлэх ёс суртахууны эрхтэй юу?
Гадаад дахь монголчууд "Ноён уулаа ухуулахгүй" хэмээн дор бүрнээ эсэргүүцсэн. Тэд юуны төлөө тэмцсэн болж таарч байна? Бороогийн уурхайн ажилчид 2009 оны 5 сарын 27-нд ажил хаяж байсныг зарим нь санаж байгаа. Улаанбаатар хот дахь төв оффис болон уурхайн орох гарцыг хааж ажил хаяхдаа “Монгол хүний үнэ цэнийг мэдрүүлнэ”, “Монгол хүн ямар үнэ цэнэтэй юм бэ” гэж ам асууж байсан. Тэдний нийгэмд хашгиран мэдэгдсэн нь “Канадуудыг зайлуулснаар монгол хүний үнэ цэнэ нэмэгдэнэ” ойлгогдож байсан. Хүсээд байснаар нь канадууд зайлцгаалаа. Австрали, малайзчууд хүрээд ирлээ. Ашиглахаар ирж улсын дунд монгол хүний үнэ цэнэ хаана явна вэ?
Ингээд эцэст нь та бүхэндээ өнгөрсөн хугацаанд Гацууртын ордын тухай хэн, хэн юу гэж ярьж байсныг хүргэе. Ингэж ярьж байсан хүмүүс одоо ашиглахыг хамгийн их эсэргүүцэх нь дамжиггүй юм.
-Ноён уулын төлөө тэмцэж байгаа хүмүүсийн зөв. Би тэднийг дэмжиж байгаа. Энэ асуудлыг шийдэхдээ орон нутгийн иргэдийнх нь дуу хоолойг сонсож, УИХ-ын байнгын хороо тэнд нь очоод, нээлттэй сонсгол явуулж болно. Ноён уул дээр миний байр суурь тодорхой. Нэгдүгээрт, орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах, хоёрдугаарт, үнэхээр энэ ууланд түүхэн дурсгал өв соёл маань байгаа бол ухаж болохгүй.
-Ноён уулын булш бунхныг хамгаалах ёстой.Харин энэ асуудалд бид алтны ком- паниудтайгаа гэрээ хийгээд өнөөх ихэс дээдсийн булш бунхантай газарт хүмүүс очиж үздэг байхаар аялал жуулчлалын бүс болгуулчих хэрэгтэй. Ингээд бүх зүйлийг нь хийлгээд хил хязгаарыг нь тогтоогоод аялал жуулчлалын бүхэл бүтэн бүс болгоод орлого олдог газар болгуулчих. Энэ чинь бодит хамгаалалт шүү дээ. Газар дор байгаа зүйлийг гаргаж ирэхийн тулд мэдээж тодорхой хэмээнд хайгуул хийж таарна. Үүнтэй адил “Сентерра гоулд” компанид төр үүрэг даалгавраа л өг. “Энэ бол манай хамгийн эртний, үнэ цэнэтэй газруудын нэг учраас гадаадын жуулчид ирэхэд сонирхол татахуйц байдлаар тохижуулж өг” гэдэг шаардлагыг тавь л даа
-Үнэт зүйл гэж байх ёстой. Хөндөж болохгүй газар бидэнд байх учиртай. Газрын гүнд ноёдын булш байна. 300 орчим булш бунхан байна. Тэр чигээрээ археологийн дурсгал. Орчин нь хайрламаар, хүндэлмээр, биширмээр. Салбар бүрээс горхи урсаж Хараа голыг тэтгэж байна.