Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан аж ахуйн нэгжүүдийг албадан газар чөлөөлүүлэх ажил хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл жил гаруйн өмнөөс Сүхбаатар дүүргийн I хороо буюу Хүүхдийн ордны замын эсрэг талд барилга барьж буй “Глобал хурд” ХХК дур мэдэн явган хүнийг замыг хаан хашаа барьсан юм. Иргэдийн хувьд тус явган хүний зам байхгүй тул автомашины замаар зорчин зам тээврийн осолд өртөн гэмтэж байгаа тул явган хүний замыг чөлөөлж өгөхийг холбогдох газраас удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлдэггүй байна.
Нийслэлийн газрын албанаас энэ сарын 12-ны өдөрт багтаан нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан бичиг хүргүүлжээ. Гэвч “Глобал хурд” ХХК тус газрыг заасан хугацаанд чөлөөлөөгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг тус компаниар төлүүлэхээр болжээ.