"Гэр хороллын дахин төлөвлөлтөд өртөж" орон гэргүй болсон 18 настай Н:
“...Амьдралын утга учрыг ойлгохгүй, үхмээр санагддаг. Хэтэрхий шударга бус амьдраад байгаа ч юм шиг санагддаг. Өмнө нь үнэхээр дуртай байсан зүйлс одоо тийм ч утга учиртай байхаа больсон. Би бүгдийг нь үзэн ядаж байна...”
Гэр нь дахин төлөвлөлтөд орж, маш олон удаа нүүж, сууснаар охин мөн хоёр, гурван удаа сургуулиа сольжээ. Тэрээр ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох, найз нөхөдтэйгээ гадуур, дотуур гарах ч сонирхолгүй болж, улмаар сургуулиасаа гарчээ. Түүний ээж нь ч мөн маш олон ажил сольж, хэд хэдэн зээл төлж амьдрах болжээ.
"Гэр хороооллын дахин төлөвлөлтөд өртөж" орон гэргүй болсон 15 настай М:
“...Нэг өдөр хичээлээсээ ирэхэд байрны талыг нураасан байсан. Түүнээс хойш хичээлдээ явахаас ч дургүй хүрдэг болсон. Хоол ч идэх сонирхолгүй болж, шөнө цочиж сэрээд байдаг болсон...”
Энэ бол “Гэр хорооллын дахин төлөвлөлт” хөтөлбөрт хамрагдаж оршин сууж буй газраа төрд “дээрэмдүүлсэн” өрхүүдийн хүүхдүүдэд тохиолдож буй асуудлын энгийн жишээ...
Улаанбаатар хотод агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хотыг дахин төлөвлөн барилгажууулах” төсөл, хөтөлбөрүүд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг.
Нийт 51 төслөөс 26 төсөл буюу 77 барилгыг шинэчлэн барилгажуулах, гэр хорооллын 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай бүхий 13,317 хашааны 1516,6 га газрыг хамарч байгаа юм. Үүнээс 531 айлын 25 барилга буулгаж, 1176 айлын хашааг чөлөөлж 5001 айлын янданг буулгаж, 1707 айлыг орон сууцанд хамруулжээ...
Хотын утаа, бохирдол тодорхой хэмжээнд буурсан олон давуу тал бий ч түүний цаана “дахин төлөвлөлт” гэгчид өртсөн иргэд, оршин суугчид нэн ялангуяа хүүхдүүдийн эрх олон талаар зөрчигдөж, бүр заримынх нь амьдрал орвонгоороо өөрчлөгджээ.
Зургаан жил өнгөрөхөд “Дахин төлөвлөлтөд” “өртсөн” өрхүүдийн дийлэнх нь өнөөдөр ч гэрээгээ тэврэн хажуу өрөө, подваль дамжин амьдарсаар байна.
Тэдний хүүхдүүд хэрхэн хохирч, эрүүл мэнд, сэтгэлзүйн хувьд хүнд ямар дарамт амсч буйг МУИС-ийн Сэтгэлзүйн тэнхим, "Эмнести интернэшнл" олон улсын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хоёр сар гаруйн хугацаанд судалжээ.
-Бид судалгаандаа Сүхбаатар дүүргийн 11-р хороонд төрөөс гаргаж өгсөн түр орон сууцанд амьдарч байгаа 10-18 насны 25 хүүхдийг хамруулсан. Эдгээр хүүхдүүдийг тогтвор суурьшилтай, хэвийн нөхцөлд амьдарч байгаа мөн 25 хүүхэдтэй харьцуулан сэтгэлзүйн түгшүүрийн түвшин, өөрийн үнэлэмжийн түвшин ямар байгааг тогтоосон.
Судалгаагаар “Дахин төлөвлөлтөд хамрагдсан” айлын хүүхдүүд сэтгэл гутралын хүнд түвшин рүү орсон байгааг тогтоосон.
Дахин төлөвлөлтөнд орсноос хойш ээж, аавыгаа алдсан хүүхэд ч байна. Одоо хоёр дүүгээ асардаг. Түр орон сууцнаасаа хэзээ гарах нь мэдэгдэхгүй байнга айдастай амьдарч байгаа охины жишээ ч бий.
Түгшүүрийн түвшний үзүүлэлтийг 0-4 гэсэн тоогоор илэрхийлж гаргаж ирдэг. Сэтгэлзүйн түгшүүр багатай хүүхдүүдийнх 0 руу ойр байдаг бол түгшүүрийн түвшин өндөр нь 4 рүү дөхсөн тоон үзүүлэлт гардаг.
Судалгаагаар хэвийн нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн түгшүүрийн түвшин 1,87 байгаа бол “дахин төлөвлөлтөд өртсөн” хүүхдүүдийн түгшүүрийн түвшин 3,13 гэсэн үзүүлэлт заасан.
Эндээс харвал эдгээр хүүхдүүд сэтгэлзүйн эрүүл мэндийн маш их дутагдалд байна. “Дахин төлөвлөлтөд өртөн” орон гэргүй болсон хүүхдүүдэд сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд бий болжээ. Энэ хэвээр байх юм бол насанд хүрсэн хойноо тэд зан төлөвийн хувьд түрэмгий, уцаартай, өөрийгөө нийгмээс тусгаарласан, сэтгэлзүйн хямралаас үүдэлтэй элдэв өвчинд өртөмтгий хүн болж төлөвших магадлалтай. Амьдрах хүсэлгүй болсноор амиа хорлох эрсдэлд ч орж болзошгүй нь харагдаж байна.
Тиймээс эдгээр хүүхдүүдэд сэтгэлзүйн болоод бие махбодийн хувьд ч тусламж шаардлагатай байна.
-“Дахин төлөвлөлт” хэдий сайхан боловч хаалттай хөшигний цаана яг юу болж байгааг нийгэм төдийлөн мэдэхгүй байна. “Дахин төлөвлөлтөд өртсөн” хүүхдүүд дан ганц сэтгэлзүйн хувьд хохироогүй. Сургуульд сурах, эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх нөхцөл нь алдагдаж байна. Тэр тусам сэтгэлзүйн хувьд маш хүнд нөхцөлд орсон. Бид судалгаа хийх явцдаа нөхцөл байдлыг өөрсдөө нүдээрээ үзэж, биечлэн танилцсан учраас бидний хувьд ч сэтгэлзүйн хүнд нөхцөлд байсан.
Тухайлбал, 17, 19 настай хоёр хүүхэдтэй айл байсан. Тэднийх зургаан удаа нүүсэн. Ээж нь өөрөө гурван удаа ажлаа сольсон. Хоёр хүүхэд нь зургаан удаа сургуулиа сольсон. Банкинд 2-3 төрлийн зээлтэй амьдарч байна.
Бас нэг айл 8 настай хүүтэй. Хүүгийнх нь сургууль Тахилтад. Хүүхдийнхээ сургуулийн харьяаллыг өөрчилж чадахгүй учир тэндээ сурдаг. Ээж, аав нь хотын төвд амьдардаг. Хүү долоо хоногийн хичээлээ дуусгаад хагас, бүтэн сайнд л ээж, аав дээрээ ирдэг. Тэр хүү ээж, ааваасаа авах хайр, халамж байхгүй өсч байна.
Манай улсад сэтгэлзүйн эрүүл мэндийн хохирол учраад байна гэдгийг бодит хохирол гэж авч үздэггүй. Сэтгэлзүйн эрүүл мэнд бол хүүхдийн үзэл бодол, ирээдүй, бие хүн болоход асар чухал нөлөө үзүүлдэг гэдгийг анхаараасай гэж шийдвэр гаргагчдаас хүсч байна.
Зургийн эх сурвалж: google.com