Олон улсын наадам зохион байгуулах эрхийг албан ёсоор авчихаад, үүнээс татгалзаж болдог уу? Яг ийм зүйл "Азийн хүүхдийн наадам"-ын эргэн тойронд өрнөөд байна.
Монголын хүүхэд, залуучуудын амжилттай оролцдог олон улсын наадмын нэг бол "Азийн хүүхдийн наадам". ОХУ руу визгүй, тээврийн зардал багатай учир 300 орчим баг бүрэлдэхүүнтэй явж, медалийн ургац хураадаг гэж хэлж болно.
2020 онд VII "Азийн хүүхдийн наадам" Монгол улсад зохион байгуулагдах ёстой байв. Энэхүү наадмын зохион байгуулах эрхийг 2016 оны долдугаар сарын 06-ны өдөр Оросын холбооны Саха улсын Якутск хотноо манай тал хүлээн авч байлаа. Санамж бичигт тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа, МҮОХ-ны енбд Ж.Отгонцагаан нар гарын үсэг зуржээ.
"Азийн хүүхдийн наадам"-ыг 2020 онд Монгол улсад зохион байгуулах гэрээ
Гэвч Монгол улс энэхүү наадмыг зохион байгуулах үүргээсээ татгалзжээ. "Монголын тал тус тэмцээнийг зохион байгуулахаас татгалзлаа” гэж наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Владимир Максимов мэдэгдсэнийг zindaa.mn сайтад иш татан мэдээлсэн байна. Тус сайтад "Азийн хүүхдийн наадмаас татгалзсан шалтгаан нь манай орон ирэх жил Олон улсын залуучуудын ногоон наадмыг хүлээн авахаар болсон гэнэ. Ногоон наадам ирэх жилийн есдүгээр сарын 13-19-нд Улаанбаатарт Азийн олимпийн зөвлөлөөс ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогдоно" гэж бичжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол улс "Азийн хүүхдийн наадам" зохион байгуулах эрхээсээ татгалзсан ч ирэх жил "Залуучуудын ногоон наадам"-ыг зохион байгуулахаар болжээ.
Энэ үйл явдлын цаана юу өрнөсөн бэ?
Манай улс эрхээсээ татгалзсанаар олон улсын спортын тавцанд эвгүй байдалд орсон юм биш биз? Цуцалсантай холбоотойгоор ямар нэгэн санхүү, эдийн засгийн хохирол учирсан уу? гэдэг асуулт хариултаа нэхэж байгаа юм. Хөшигний цаана чухам ямар үйл явдал өрнөснийг С.Ламбаа, Ж.Отгонцагаан нарын яриагаар хариултыг болгооё.
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа:
-"Азийн хүүхдийн наадам" бол хүүхдийн олимп гэж нэрлэдэг олон улсын том арга хэмжээ. Энэхүү наадмын тэргүүн нь Арабын шейх байдаг. Азидаа анх удаа Монгол улсад хийе гэсэн саналыг Оросын талаас тавьсан. Ингэж бид санамж бичигт гарын үсэг зурсан. Бид нар нэг санамж бичигтэй ирсэн. Тэгээд ажлаа өгөөд явсан.
Тэгтэл БСШУС-ын сайд байсан Ц.Цогзолмаа "Ийм юм хийж яадын. Хөрөнгө мөнгө нь хаа байгаа юм" гэж янз бүр болсон гэсэн. Үнэндээ дутуу ганц юм нь 50м-ийн өргөнтэй усан бассейн л байсан. Бусад нь асуудал байхгүй. Зарим тэмцээнийг нь Дарханд ч зохион байгуулж болох байсан. Уг нь энэ тооцоогоо хийгээд Санамж бичгээ нэг шат ахиулж, гэрээгээ байгуулах ёстой байсан.
Гэтэл Оросын талаас гарын үсэг зурсан Д.Е.Глушко гэж дарга нь "Зохион байгуулагчид нь энэ хэвээр байна. Хүнсний бүх хангамжийг Оросын тал хариуцна. Монгол улс түрээсийн төлбөр төлнө" гэж хэдэн зуун доллар нэхэж, балиар юм руу орсон. Ер нь оросын мафийн оролцоо нь энэ наадмыг Монгол зохион байгуулах ажлыг унагасан юм билээ. Тэгэхээр нь манай тал Д.Е.Глушког нь хөөгөөд явуулсан.
Боловсролын яамны анхаарал суларч ирсэн үед Монгол улсын Ерөнхийлөгч ивээлдээ авчихсан. Бэлтгэлээ хангасан байгаа юм чинь "Залуучуудын ногоон наадам"-ыг ирэх жил зохион байгуулна гээд хорооны даргаар нь Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг тавьсан байгаа.
-Манай талаас ямар нэгэн хохирол учирсан зүйл байдаг уу?
-Ямар ч зүйл байхгүй. Яагаад гэвэл бид орох гэрээгээ хийгээгүй. Арабын шейхтэй нь ч уулзаагүй.
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан:
-Якутад зургаан удаа хийсэн наадам. Ийм дотооддоо хийж байхаар олон улсын болгоё гээд манайд өгөхөөр болж, би С.Ламбаа сайдтай очоод зурж байсан юм. Оросууд баахан мөнгө нэхсэн юм билээ. Ус, ундаагаа хүртэл манайхаас ав гэхээр нь манайх болиод "Залуучуудын ногоон наадам" зохион байгуулахаар болсон байсан.