Төрийн албаны тухай хууль, "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон. Гэвч төрийн байгууллагын автомашинаар албаны бус хувийн зорилгодоо, тухайлбал, сургуулийн хүүхэд зөөхөд ашиглах зөрчил гарсаар байна.
Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хэд хэдэн сургууль дээр ажиллахад zarig.mn сайтын камерт ГЕГ-ын бүртгэлтэй 0573 УБҮ дугаартай Соната-8 автомашин замын цагдаагийн шаардлагыг үл биелүүлж байгаа улмаар дарга нараар яриулан, ямар нэгэн хариуцлага хүлээлгүй явсан нь бичигдэн, олон нийтэд хүрсэн.
Татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдээ зөөж явснаа элдэв арга саам хэрэглэн булзааруулж, замын цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл тоомсорлосон үйлдэл гаргасан 0573 УБҮ дугаартай автомашины эзэмшигчид "ТЦА-наас хариуцлага тооцно" гэдгийг өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээллээ.