Хонконгийн жагсаал өнгөрсөн зургадугаар сараас хойш таван сар гаруйн хугацаанд үргэлжлэхэд хүний амь нас эрсдээгүй ч, жагсагчид олон зуугаараа гэмтэж бэртэж байсан юм. Жагсагчид удирдагч Кэрри Ламыг гараа цусанд хутгалаа хэмээн шүүмжлэн зэмлэсээр ирсэн.
Хотыг хамарсан ардчиллын төлөө, Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр нэг давхраас унаж бэртсэн оюутан амьсгал хураасан байна. Түүнийг амь насаараа хохирсон анхны жагсагч хэмээн мэдээлжээ.
Өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр унаж бэртсэн 22 настай Чоу Цз Лок өнөөдөр өглөө тархиндаа авсан гэмтлийн улмаас амьсгал хураасан болохыг Хонконгийн эрүүл мэндийн газраас албан ёсоор мэдэгдсэн байна. Чоу Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн сургуулийн компьютерын шинжлэх ухааны ангийн оюутан бөгөөд ням гарагийн жагсаалд оролцож бэртэж гэмтсэн байдалтай даваа гарагийн өглөө Коулуны авто зогсоол дээрээс олдсон юм.
Чоу яагаад унаж бэртсэн болон машины зогсоол дээр хэвтэж байсан нь одоогоор тодорхойгүй ажээ.
Жагсагчдын хувьд хэв журам сахиулах цагдаа нарыг хэрэгт буруутгаж уур бухимдлаа илэрхийлсэн байр суурьтай байгаа юм. Хэвлэлийн бага хурал хийж Чоугийн үхэл азгүй тохиолдлоор гарсан осол биш учир эцсээ хүртэл хэргийн үнэн бодит байдлыг тодруулахаар тэмцэнэ гэжээ.
Харин цагдаагийн газраас Чоуг олсон газар цагдаа нарын нулимс асгаруулагч, хиймэл сумтай буу ашигласан газраас хол зайтай байгааг анхааруулжээ.
Эрх баригчдын зүгээс амь насаа алдсан иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж, харамсаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажлыг бүрэн бүрэлдэхүүнээр явуулж, шалгана гэсэн амлалтыг өгсөн байна.
Хонконгийн иргэд Чоугийн дурсгалыг хүндэтгэж лаа асаажээ. Маргааш буюу бямба гарагт хар хувцас өмсөж, нүүрээ халхлан жагсаалд нэгдэхийг уриалсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com