Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын босогчдын удирдагч Боско Нтагандаг дайны гэмт хэргийн 13 зүйл заалтаар яллаж 30 жилийн хорих ял оноожээ. Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхээс оноосон ялыг Терминатор хочоороо алдашрсан Африкийн босогчдын удирдагч пүрэв гарагт сонссон байна.
Терминатор хочит этгээд 2002, 2003 онуудад хүн амины гэмт хэрэг, бэлгийн боолчлол, хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдүүдийг албадан царагт татах, хүчээр тараан байршуулах, зэвсэглэсэн зэрэг хүн төрөлхтний эсрэг тоймгүй олон гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.
Шүүгчдийн баг бүрэлдэхүүн Терминаторт ял оноосон нь түүний үйлдсэн гэмт хэргүүдэд хохирсон хүмүүсийн хувьд чухал ялалт хэмээн мэдэгдсэн байна. Яллагдагч этгээд Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд бэлгийн боолчлолын гэмт хэргээр ял сонссон анхны этгээд юм байна.
Тэрээр 2013 онд баригдсанаасаа хойш ял сонсох хүртлээ хоригдож байсан тул уг хугацааг ял эдлэх ёстой 30 жилээс хасна гэжээ. Нтаганда 2006 онд Конгогийн армийн генерал болж 2013 онд АНУ-д бууж өгснөөр баригдсан байна.
Эх сурвалж: www.cnn.com