Өмнөд Солонгос улсад Korean Air компанийн онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрч, бэлгийн дарамтад оруулсан хэргээр байцаагдаж буй Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр хоёр дахиа мэдүүлэг өгөхдөө хийсэн үйлдлээ сайн санахгүй байна гэсэн хариултыг өгчээ.
Энэ тухай KBS World сувгаар дамжуулахдаа цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Инчоны чиглэлд нисэхээсээ өмнө нисэх буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрч, биед нь халдсанаа санахгүй байна гэж хэлсэн гэжээ.
Түүнчлэн хэрэв хохирогч бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдүүлсэн бол магадгүй согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой байх хэмээн байцаалтын үеэр хэлжээ. Тиймээс Солонгосын эх сурвалжууд түүнийг тодорхой бус хоёрдмол байр суурьтай байна хэмээн мэдээлсэн байна.
Тухайн өдөр Korean Air компанийн онгоцонд Д.Одбаяртай цуг явж уг хэрэгт холбогдоод буй иргэн А байцаалт өгөхөөс зайлсхийж Сингапур луу ниссэн тул Инчоны цагдаагийн газар Интерполд хандан эрэн сурвалжилж, баривчлан саатуулах хүсэлтээ гаргажээ.