"Монголын үндэсний фронт" хөдөлгөөний жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болох ёстой байсан ч зөвшөөрөл албан ёсоор олгогдоогүй учир Соёлын төвийн үүдэнд хагас цаг орчим цуглаж байгаад тарлаа. Маргааш 11 цагт албан ёсоор жагсана гэсэн мэдээллийг зохион байгуулагчид нь хэллээ.
"Монголын үндэсний фронт" юунд зорьж байгааг жагсагчдаас сонирхоход "Ард түмний амьдрал өдөр ирэх тусам ядуурч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Цахилгааны төлбөр нэмэгдлээ. Монгол хүний эрх ашиг зөрчигдөж байна. УИХ-ын 76 гишүүн болохгүй байна. ҮХЦ-ийн дарга нь Солонгост шалгагдаж байна. Төрийн байгаа царай ийм л байна. Жирийн иргэд шахмал түлшинд угаартан үхэж байна. Гэтэл биднийг галаа түлж чадахгүй байна гэж буруутгаж байгаа. Иймд УИХ-ыг тарааж, төрийн тогтолцоог өөрчилж, төрийн тогтолцоог аравтын системд оруулж, нэг нэгнээ хянадаг болгох ёстой. Монголын ард түмэн 1990 оны хувьсгал шиг хувьсгал хийх ёстой" хэмээлээ.