Твиттер олон нийтийн цахим сүлжээнд ажиллаж байсан хоёр этгээдийг Саудын Араб улсын Засгийн газрын төлөө бусдыг тагнан туршсан хэрэгт буруутгаж, АНУ-ын шүүхээр хэргийг нь шийдвэрлэх гэж байна. Тэд Саудыг хурцаар шүүмжлэгчид болон Твиттерийн хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж, Риядад дамжуулж байсан гэж үзжээ.
Вашингтон пост сонинд нийтэлснээр баригдсан туршуулууд Америкийн иргэн Ахмад Абуаммо, Саудын Арабын иргэн Аль Алзабарах нар юм. Үүнээс гадна Саудын Арабын иргэншилтэй Ахмед Алмутайрийг тагнуулын хэрэгт холбогдуулан буруутгасан байна. Ахмед Алмутайри нь Твиттерийн ажилчид болон Саудын албаны хүмүүсийг холбон зуучилсан ажээ.
Ноён Алзабарах нь Твиттер компанид инженер хийдэг байсан ба 2015 онд 6,000 гаруй хэрэглэгчийн мэдээллийг Саудын агентуудад нууцаар дамжуулсан болохыг тогтоосон байна. Тэрээр эхнэр хүүхдийн хамт Саудын Араб руу зугтсан ажээ. Мөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Ахмед Алмутайриг Саудын Арабт байгаа гэж таамаглаж байгаа юм. Харин Ахмад Абуаммо саатуулагдсан хэвээр байна.
Саудын Араб нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын гол холбоотон. Сэтгүүлч Жамал Кашоггийн аллагын захиалгыг үл харгалзан Ерөнхийлөгч Трамп ойр дотно харилцаагаа хадгалсан хэвээр байна.
Эх сурвалж: www.bbc.com