Мексикийн хойд нутагт явж байсан Америкийн мормончуудын цуваа руу зэвсэгт этгээдүүд халдаж гурван эмэгтэй, зургаан хүүхэд алагдсан явдал энэ даваа гарагт гарсан билээ. Уг халдлагын үеэр 13 настай хүү бусад зургаан эгч дүүгээ бутан дотор нууж, өөрөө тусламж дуудахын тулд 23 км газарт алхсан байна.
Даваа гарагийн халдлагаас нийт найман хүүхэд амьд үлдсэн юм. Тэдгээр амьд үлдсэн хүүхдүүдийн тав нь бууны суманд шархаджээ.
Сонора мужид явж байгаад халдлагад өртсөн хүмүүс Мексикт ирж суурьшаад хэдэн арван жил болсон ЛеБароны гэр бүлийнхэн байсан юм. Уг гэр бүлийн гурван ээж 14 хүүхдийн хамт явж байжээ. Халдлага болох үед 13 настай Дэвин Лангфорд бусад найман эгч дүү, ээжтэй цуг нэг машинд явсан байна.
Хүүхдүүдийн ээж алагдахад Лангфорд эгч дүүсээ авч гаран бутанд нууж өөрөө зургаан цаг гаруйн турш алхаж Ла Мора тосгонд иржээ. Харанхуй болоход ах нь буцаж ирээгүй тул түүний араас есөн настай дүү МакКензи нь гарч дөрвөн цаг орчим алхаад байсныг аврагчид олсон байна. Хүүхдүүд аврагчдыг ирэх хүртэл 10 цагийн турш нуугджээ.
Мексикийн аюулгүй албанаас зэвсэгт этгээдүүд уг гэр бүл рүү андуурч халдсан байх магадлалтай гэж үзжээ. Харин гэр бүлийн зүгээс урьд өмнө зэвсэгт этгээдүүд айлган сүрдүүлсэн байсан тухай мэдэгджээ. Халдлага болсон Сонора мужид Ла Линеа, Лос Чапос гэсэн хоёр зэвсэгт бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.
Эх сурвалж: www.bbc.com