Korean Air нислэгийн компанийн онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Инчоны төв цагдаагийн газарт хоёр дахиа байцаалт өгсөн тухай бид мэдээлсэн.
Өчигдөр өглөө 10 цаг 35 минутад эхэлсэн байцаалт өнгөрсөн шөнө хүртэл үргэлжилснийг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байна.
KBS телевизийн мэдээлснээр цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлснээс гадна Korean Air компанид ажилладаг монгол эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлсэн хэргийг Инчоны цагдаа нар шалгаж эхэлжээ.
Цэцийн дарга өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэж, нислэгийн багийн гишүүд рүү дайрч, дарамтлаагүй гэсэн байр суурьтай байна.
Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн цэцээс болсон явдлыг үнэн бодит бус учир үүний эсрэг тэмцэнэ гэсэн байр суурийг илэрхийллээ хэмээн KBS телевизээр мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын ажил дуусаагүй тул Д.Одбаярыг 10 хоногийн хугацаанд Солонгосыг орхиж Монгол руу буцахыг хориглосон байна.
Эхний мөрдөн байцаах явц цаг хагас үргэлжилсэн бол өчигдөр 10 цаг гаруй үргэлжилсэн ба зарим хэвлэлүүд түүнийг өнгөрсөн шөнө 00 цагт Инчоны цагдаагийн газрыг орхисон тухай мэдээлжээ.
Энэ хооронд Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага Сөүл дэх Монголын ЭСЯ-тай хамтран уг хэрэгт холбогдоод буй иргэн А-г Сингапураас албадан ирүүлэх, баривчлан байцаалт авахаар ажиллаж байна гэжээ.