УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад АТГ-т баригдсан тухай мэдээлэл гарсан ч Цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн тайлбар өгсөн. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлж буйгаар иргэн О-г баривчлах үеэр УИХ-ын хоёр гишүүн байсан гэдэг нь үнэн гэв. Мөн, нэр бүхий сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан нь үнэн гэлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах тодруулгыг авлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Мөрийтэй тоглоом тоглох үйлдлийг Эрүүгийн хуулиас авч, Зөрчлийн хуулинд оруулсан. Зохион байгуулбал 2 сая төгрөг, тогловол 100 мянган төгрөгөөр торгохоор болоод байгаа. "Жапан таун"-ы хажуугийн "Тотал" байранд иргэн О-г АТГ-аас баривчлах үеэр УИХ-ын хоёр гишүүн үнэхээр байжээ. АТГ-ынхан иргэн О-г баривчлан чиг үүрэгтэй орсон учир тэр хоёр гишүүнийг мөрийтэй тоглож байсан уу, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллагад мэдээлээгүй байна. Иймд тэр хоёрыг хууль зөрчсөн эсэх талаар ярих боломжгүй болоод байна.
Мөрийтэй тоглоом бол донтолтын нэг хэлбэр. Төрийн өндөр албан тушаалтны холбогдоод байгаа үйлдэл нь хэвийн, ёс зүйтэй юм шиг харагддаг болчихоод байгаатай хэзээ ч эвлэрч болохгүй.
-Сэтгүүлчдийн тагнаж, чагнасан хэргийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар үүнийг үнэн гэсэн. Прокурорын зөвшөөрөлгүй тагнаж, чагнасан байна. Би сэтгүүлчдээс хоёр зүйл хүсдэг. Нэгдүгээрт, мөнгө угаасан найман гишүүний талаарх мэдээллийг холбогдох газруудаас нь авч мэдээлээч ээ. ЖДҮ-ийн зээл авч, ББСБ-аар дамжуулан иргэдэд 30 хувийн хүүтэй зээлж, мөнгө угаасан байна. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн тагнаж, чагнасан асуудлыг сайн ухах ёстой. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү үүнийг үгүйсгэсэн. Энэ үгэндээ уучлал гуйх ёстой.