СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-06

Албадан гаргасан хятадууд Монголд ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

"Амар", "Кентавр", "Орентал" зочид буудлууд болон "Юнион бьюлдинг" оффист байрлаж байсан 800 орчим БНХАУ-ын иргэнийг баривчилсан үйл явдал өнгөрөгч долоо хоногийн гол дуулиан байлаа. Тэдгээр хятад иргэн жуулчин, бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр Монгол улсын хилээр орж ирсэн нь нэгэнт тодорхой болоод байгаа. 

586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ-аас, 30 нь Эрээн хот дахь ЕКГ-аас, 21 нь Бээжин дэх ЭСЯ-аас жуулчин ангиллын виз авсан байдаг. Харин 94 нь БНХАУ-ын Эрээн хот дахь ЕКГ-аас, 48 нь Хөх хот дахь ЕКГ-аас, 4 нь Хонконг дахь ЕКГ-аас бизнес ангиллын виз авчээ.

Тус газруудаас баривчлах үед өндөр хүчин чадлын 1000 орчим компьютер, мобиком болон жи-мобайлын утасны 10 000 сим карт, мөн тооны гар утас хураагдан авсан. 

Энэ бүхнээс харахад хөрөнгө оруулалт багагүй шаардсан ажил, үйлчилгээ явуулж байсан нь тодорхой харагддаг. Тэдгээр иргэдийг албадан гаргаж, БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгснөөр энэ дуулиан намжсан ч тэд Монголд ямар хууль бус үйл ажиллагаа явуулж байсан, өөр хятад иргэд үлдсэн үү, энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байж болох уу гэсэн асуулт хариултаа хүлээсээр байна. 

Баригдсан хятадуудыг харахад дунджаар 30 орчим насны залуус байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татдаг. Мэргэжил, боловсрол гэхээргүй барилгын хятадууд биш учир тэдний хийж байсан илүү өндөр үнэлгээтэй нь тодорхой юм. 

Тэдгээр залууст өндөр цалин, хангамж, бонус амлан Монголд авчрахын тулд виз, замын зардал, Монголд байрлах зочид буудал, хоол хүнс, оффисийн түрээс, тоног төхөөрөмжийн хангалт гээд олон зуун сая төгрөг зарлагдсан нь манай хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрээд байгаа. Олон зуун сая төгрөгийн зардал гаргаж байж олон зуун сая юаний ашиг олно гэж тооцсон бололтой байдаг. 

Энэ хүмүүс Монголд юу хийж байсан бэ? 

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Мөнгө угаах гол зорилготой байсан гэж эхний ээлжинд дүгнэж байгаа" гэж хэлсэн. Үүнийг батлах мэт Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Цахим гэмт хэрэгт холбогдуулан гадаад улсын 740 гаруй иргэнийг саатуулсан байгаа. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна гэдгийг холбогдох хуулийн байгууллагынхан хэлж байна" хэмээн хэлсэн байгаа. 

Эдгээр хятад иргэнийг хоморголон баригдахаас хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн "Залуучууд" зочид буудлын орчмоос 30 орчим хятад иргэнийг баривчлан шалгахад, компьютерээс нь цахим тоглоомын программаас өөр зүйл байхгүй байсан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. Ингэхээр эдгээр хятад иргэд БНХАУ-д хууль бусд тооцогддог, цахим мөрийтэй тоглоомын луйврын ажлыг хууль сул Монгол улсад явуулж байжээ гэсэн дүгнэж болохоор байна.  

БНХАУ-ын thepaper.cn сайтад 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр тавигдсан “Цахим гэмт хэрэгт холбогдсон 116 сэжигтнийг эх оронд нь буцаав" гэдэг гарчигтай сурвалжилга тавигдсаныг иш татъя. 

Уг сурвалжилгад БНХАУ-ын цагдаа нар цахим гэмт хэрэгт сэжиглэгдсэн 116 хүнийг Камбожийн хаант улсаас баривчилж, Пномпень хотын нисэх буудлаас тусгай үүргийн хоёр онгоцоор 2019 оны есдүгээр сарын 28-ны өдөр буцаасан талаар дэлгэрэнгүй бичжээ. "Хятад Улсын 20 гаруй бүс нутагт 40 гаруй цуврал гэмт хэрэг бүртгэгдээд байгаа бөгөөд уг гэмт хэргийн улмаас 11.54 сая юанийн хохирол учиржээ. Иймд цахим гэмт хэргийг илрүүлэх ажлыг өөрийнхөө улсад төдийгүй гадаадын тусгай хүчинтэй хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж илрүүлэн, гэмт этгээдүүдийг эх орондоо авчран шийтгэж байгаа" гэдгийг онцолсон байв.

БНХАУ-д гэмт хэрэгт тооцогддог цахим мөрийтэй тоглоомын нэг салбар Монголд үйл ажиллагаа явуулж байсан нь ийнхүү илэрлээ. Хууль, хяналтынхан "Тоо нь нэмэгдэж магадгүй" гэж хэлснийг анхаарууштай. Баривчилгааны дуулианаар бүгсэн хятад иргэн хууль бус үйл ажиллагаагаа Улаанбаатарын хаа нэгтээ үргэлжлүүлж байж ч мэдэх юм. Учир нь тэднийг нутагт нь хүнд ял хүлээж байгаа билээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.