Хятадын онгоцны нисгэгч бүхээгтээ залуу бүсгүйг оруулж, өөрийн суудалд суулган бие тэнхрүүлэх зуушаар дайлж буй зураг өнгөрсөн ням гарагт Weibo цахим сүлжээнд нийтлэгджээ. Хоёр хуруугаа гозойлгон авахуулсан эмэгтэйн зураг олон нийтэд хүрсний дараа санал шүүмжлэл газар авч, улмаар нисгэгчийг бүх насаараа онгоц жолоодох эрхгүй гэж үзлээ.
Мөн тухайн нислэгийг хамтран гүйцэтгэсэн багийн бусад гишүүдийг тодорхойгүй хугацаагаар албан үүргээ гүйцэтгэж онгоцонд нисэхийг хориглосон байна. Уг явдал онгоц нисч байх хооронд болсон гэдгийг батлаагүй ч зарим мэргэжилтнүүд нислэгийн үеэр авсан зураг гэдгийг баталж байгаа юм.
Зурагнаас харахад Гуилин хотоос Янжоу хотыг чиглэсэн Эйр Гуилин компаний онгоц гэдгийг тогтоосон ба энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр авсан зураг ажээ. Нислэгийн компанийн удирдлага нисгэгчийг аюулгүй байдлын дүрэм зөрчсөн төдийгүй онгоцоор нисч байсан бүх хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж, хариуцлага алдсан хэмээн буруутгасан байна.
Эмэгтэй уг зургаа нийтлэхдээ “Онгоцны ахмадад маш их баярлалаа, надад маш сайхан байна” гэж бичжээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр зурган дээрх эмэгтэй Гуилин их сургуулийн онгоцны үйлчлэгчийн ангийн дадлага хийж байсан оюутан байж магадгүй юм.
Эх сурвалж: www.bbc.com