"Макс" группын Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хурдан хөлгүүдийн нэг Mongolian Groom нь Breeders’ Cup дэлхийн аварга шалгаруулах морин уралдаанд гараанаас гарсан ч харамсалтайгаар бэртэж, хөлөө хугалснаар уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Тиймээс Монгол адуучин нэртэй хурдан хүлгийг мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр удаан зовоохгүйн тулд тариагаар унтуулсан билээ.
Энэ явдал Монголын төдийгүй дэлхийн морин уралдаан сонирхогчдын анхаарлыг татсан юм. Чансаагаараа дэлхийд тэргүүлдэг уралдааны сонгомол /classic/ ангилалд монгол уяачийн уясан, монгол морь уралдахаар болсон нь хийморилог, моринд ээлтэй ард түмний сонорыг мялаасан сайхан мэдээ байсныг үгүйсгэх аргагүй. Уясан уяач, унасан эзнээ мялаахаар гараанаас гарсан ч бариандаа орч чадаагүй Монгол адуучин-ы уяач Энэбишийн Ганбат даваа гарагт USA Today өдөр тутмын хэвлэлд яриа өгчээ. Тэрээр болсон явдалд уучлалт гуйж байна гэдгээ хэлсэн байна.
Э.Ганбат “Гунигтай үйл явдал тохиосон. Breeders’ Cup бол гайхалтай наадам. Гэвч миний уясан морь наадмыг таагүй уур амьсгалтай болголоо. Бүх зүйлд уучлаарай гэж хэлэхийг хүсч байна” гэжээ
Mongolian Groom тус уралдааны сонгомол буюу дээд зиндаанд уралдаж түрүүлсэн бол зургаан сая ам.долларын шагнал хүртэх байжээ. Хязаалан насны хурдан хүлэг зүүн хөлөө хугалсан ба эдгэрэхийг нь хүлээх ямар ч адууны хувьд шийтгэл мэт хүнд байж, зовоох болно гэдгийг адууны эмч доктор Ларри Брэмлэж хэлсэн юм.
Mongolian Groom-ыг даага байхад нь 12,000 ам.доллараар авч байжээ
Mongolian Groom-ыг даага байхад нь Макс группын захирал Д.Ганбаатар 12,000 ам.доллараар худалдаж авсан байна. Бахархалт адуу 2019 онд 11 удаа гараанаас уралдаж өнгөрсөн есдүгээр сард Awesome Again /G1/ уралдаанд Америкийн шилдэг уралдааны морьдыг ардаа орхиж түрүүлснээр дэлхийн аваргын уралдаанд давхих эрхээ авчээ. Тухайн үед уяач Э.Ганбат уясан морио түрүүлнэ гэж бодоогүй, манай морь эх нутагтаа уралдаж байгаа нь давуу тал хэмээн ярилцлага өгсөн байжээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Breeders' Cup уралдааны Turf Sprint (G1) гараанд Э.Ганбатын уясан Д.Ганбаатарын Монголын Бямба гараг буюу Mongolian Saturday түрүүлж байв. Улсын алдарт уяач Энэбишийн Ганбат 2010 оноос хойш АНУ-д морь уяж байгаа ажээ.
Монгол адуучин 2018, 2019 онуудад нийтдээ гурван удаа уралдаанд түрүүлж, 579,000 ам.долларыг эзэндээ авчирсан байна.
Санта Анитад дахин морь уралдах уу?
Шилдэг адуу харамсалтайгаар нүд аньсны дараа Калифорнийн алдарт Санта Анита цэнгэлдэх хүрээлэнгийн морин тойруулгыг тойрсон маргаан хүчээ авчээ. Амьтны эрхийг хамгаалагчид тус тойруулгад дахин морь уралдуулахгүй байхыг уриалж, аюулгүй байдлын чанар стандарт, мөн уралдааны морьдыг ташуурдах нь зөв эсэхийг дахин нягтлах хүсэлт, шаардлагууд гарсан байна.
Түүнчлэн Монгол уяачийн монгол моринд тохиолдсон явдлын дараа Калифорни мужийн сенатч Дайан Файнштейн хяналт шинжилгээ, нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа ч долоо хоног бүр морин тойруулгын уралдаан ноцтой осол, хүнд бэртэлгүй өнгөрөх нь ховор болсон тул Санта Анитад морь уралдуулахгүй байхыг дахин уриалжээ. Тэрээр Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомтой хамтарч морин уралдааны стандартыг дахин шинэчлэх, адуу хамгаалах үйл ажиллагааг сэргээхээ амласан ба морины уралдаан бизнесийн үйл ажиллагаа биш хэмээн хатуу мэдэгдсэн байна.
Харин наадмыг зохион байгуулагчид Санта Анитад уралдаан эхлэхээс өмнө шаардлагатай бүх аюулгүй байдлын стандартыг дүрэм журмын дагуу тавьж, бэлтгэл бүрэн хангагдсан байсан гэжээ.
Эх сурвалж: ww.horseracingnation.com