Холливудын нэрт жүжигчин Киану Ривз энэ жил 55 настай ч олон нийтийн өмнө ганц бие мэт явсаар багагүй хугацааг үджээ. Тэрээр Лос Анжелест болсон LACMA урлаг, киноны арга хэмжээн дээр анх удаа 46 настай найз бүсгүй уран бүтээлч, зураач Александра Грантыг хөтлөн иржээ. Тэд бусад хосуудын адил хөтлөлцөн, халуун дотно, аз жаргалтай харагдсаныг хэвлэлүүд онцолсон байна.
Киану Ривз өнгөрсөн 35 жилийн турш улаан хивсний ёслолд ганцаараа ирж оролцдог байсан юм. Улаан хивснээс гадуур олон нийтийн арга хэмжээнд дагуулж ирээгүй ч жүжигчин Сандра Баллок, Аманда дэ Кэденет зэрэг олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан билээ. Тэрээр 1999 онд жүжигчин Женнифер Саймтай маш дотно харилцаатай болж, Эва нэртэй охиноо төрөхийг хүлээж байсан ч бүтээгүй юм. Тэд охиноо алдсаны дараахан Сайм 28 насандаа 2001 онд Холливудад авто ослоор амиа алджээ.
Уг ослоос хойш Киану хосын харилцаанд дотночлон хандаж байсан удаагүй хэмээн хэвлэлүүд бичиж байна. Александра Грант болон Киану Ривз нар олон жил бизнесийн хамтрагчийн харилцаатай байсан ба ёслолын арга хэмжээн дээр Матрикс киногоороо олонд танигдсэн жүжигчин Ривз үзэсгэлэнт найз бүсгүйгээ дагуулан ирсэндээ бахархаж, бахадсан байдалтай харагдсан гэжээ.
Эх сурвалж: www.dailymail.co.uk