Компьютер програм хангамжийн дэлхийд тэргүүлэгч корпораци Микрософтын Япон дахь салбар өнгөрсөн наймдугаар сараас хойш ажлын тав биш, дөрөв хоногтой байх туршилтыг эхлүүлжээ. Туршилтын үр дүнг танилцуулахад компанийн борлуулалт, бүтээмжтэй байдал туршилт эхэлснээс хойш 40 хувиар нэмэгдсэн эерэг үр дүнг харуулсан байна.
Тус компани долоо хоногийн ажлын тав хоногт бүтэн цагаар ажилладаг ажилтнуудаа баасан гараг бүрт амраасан ч цалингаас нь хасч суутгаагүй байна. Мөн аливаа уулзалтуудыг 30 минут буюу хагас цагаас хэтрүүлэхийг хориглож, аль болох царай царайгаар харж ярих цахим хэлэлцүүлгийг дэмжжээ.
Япон улс нь дэлхийн улс орнууд дундаас ажлын цаг хамгийн урт орнуудын нэг юм. 2017 оны судалгаагаар эндэхийн компаниудын ¼ нь ажилтнуудаа сар бүр 80 цагаар илүү ажиллуулдаг ба ихэнхдээ илүү цаг ажилласны хөлс олгодоггүй байна.
Микрософт компани 2019 оны зун Work Life Choice чэлленжийг санаачлан хэрэгжүүлж, ажилтнуудын дунд судалгаа хийхэд судалгаанд оролцсон 2,300 орчим хүний 92 хувь нь өөрчлөлт тааламжтай байсныг илэрхийлжээ.
Чэлленж нэг сарын хугацаатай үргэлжлэх хооронд гэрэл цахилгааны хэрэглээ 23 хувиар буурч, цаасан дээр хэвлэх үйлдэл 59 хувиар багассан байна.
Энэ өвөл Work Life Choice чэлленжийн хоёр дахь туршилтыг хэрэгжүүлэх ба энэ удаад ажилчдын амралтыг үр дүнтэй байлгах шинэ санаануудыг нэвтрүүлнэ гэжээ.
Микрософт корпораци ажлын өдрүүдийг багасгах туршилт хийж байгаа бол эсрэгээрээ Хятадын цахим худалдааны тэргүүлэх компани Алибабагийн гүйцэтгэх захирал байсан Жэк Ма хоногт 12 цаг, долоо хоногийн зургаан өдөрт ажиллахыг санаачилсан. Энэ жилийн дөрөвдүгээр сард тэрээр 996 буюу ажлын өдрүүдэд 09:00-21:00 цаг хүртэл, долоо хоногийн 6 өдөр ажиллана гэсэн төлөвлөгөөг танилцуулсан юм.
Эх сурвалж: www.bbc.com