Дэлхийн тойрог замд 780 хоногийг өнгөрөөсөн АНУ-ын Нисэх хүчний X-37B сансрын онгоц өнгөрсөн ням гарагт эх дэлхийд газарджээ. Энэ нь нууцлаг цэргийн туршилтыг түүхэндээ хамгийн удаан хугацаанд гүйцэтгэсэн сансрын нисэх онгоц хэмээн эх сурвалж онцолсон байна.
Нисгэгчгүй онгоц жижиг хэмжээний сансрын хөлөг шиг харагдаж байгаа бөгөөд тойрог замд тавьж, эргүүлээд дэлхийд авчрахаар төлөвлөсөн байжээ. Онгоц чухам цэргийн ямар туршилт, даалгавраар тойрог замд хоёр жил гаруйн хугацааг өнгөрөөснийг маш нууц гэсэн зэрэглэлд багтааж олон нийтэд задлахаас татгалзжээ.
АНУ-ын Нисэх хүчнээс уг ажиллагаа сансрын нисэх төхөөрөмжийг дахин ашиглах технологийг хөгжүүлэх, эрсдлийг бууруулах хөтөлбөрийг гүйцэтгэсэн гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногт газардсан X-37B нь ойрын арван жилийн хугацаанд дэлхийн тойрог замд илгээсэн тав дахь хувилбар юм.
Олон нийтийн дунд эдгээр онгоцуудыг тагнан турших үйл ажиллагаа, аль эсвэл сансрын зэвсэг туршихад ашиглаж байна гэсэн хардлага сэрдлэгүүд бий болж байна.
Уг сансрын онгоц нь 8,8 метр урт, 2,9 метр өндөр, далавчны урт 4,5 метр ажээ. Хөөрөхдөө хүчтэй тийрэлтэт пуужингаар харвадаг ч эргэж газардахдаа зорчигч тээврийн нисэх онгоц шиг буудаг байна. 2020 онд зургаа дахь удаагаа X-37B онгоцыг хөөргөхөөр Америкийн нисэх хүчин бэлдэж байна гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com