Хятадын Лиаонинг мужийн Далиан хотод 13 настай Кай нэртэй хүү 10 настай охиныг /охины нэрийг олон нийтэд зарлахаас татгалзжээ/ хүчирхийлэн, улмаар хутгалж амь насыг нь хороосон хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, багагүй маргаан дагуулаад байгаа юм.
Кай онц хэрцгий гэмт хэрэг үйлдэж, охины цогцсыг гэрийнх нь ойролцоо нүхэнд хаясан байсныг олжээ. БНХАУ-ын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээд 14 нас хүрсэн тохиолдолд эрүү үүсгэн, ял оноох ёстой. Харин энэ насанд хүрээгүй бол засан хүмүүжүүлэх төвд дээд тал нь гурван жил саатуулдаг байна.
Хуулийн дагуу Кайд гурван жил засан хүмүүжүүлэх төвд саатуулах шийтгэл оноосон нь зарим иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Уг шийтгэл нь Хятадад одоогоор үйлчилж буй хуулийн дагуу оноох хамгийн хүнд ял ажээ. Учир нь 13 настай хүүхэд ял эдэлж, үүрэг хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэж байгаа юм.
Их Британи зэрэг зарим улсад эрүүгийн гэмт хэргийн хариуцлага хүлээх нас 10-аас эхэлдэг байна.
Иргэдийн маргаан, шүүмжлэл, хэлэлцүүлэг улс орныг хамарч эрх барих түвшний өндөр дээд албан тушаалтнуудад хүрснээр хуулийн тогтолцоог шинэчилж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Хохирогчийн эцэг эх энэ сарын 19-ний өдөр охин нь хичээлээ тараад гэртээ ирээгүй тул ямар нэг зүйл тохиолдсоныг ойлгожээ. Төрийн мэдлийн мэдээллийн сувгийн дамжуулснаар Кай 10 настай охиныг худал ярин гэртээ дагуулж очсон байна. Охинд бэлгийн хүчирхийлэл үзүүлж хороон, дараа нь цогцсыг нь хаясан байсныг маргааш нь охины эцэг эх болжээ. Кай гэгч хүү хохирогчтой нэг сургуульд явдаг, ойролцоо дүүрэгт амьдардаг байсан ч нэгнээ сайн мэддэггүй байсан гэжээ. Энэ хэрэг энгийн хэрэг биш онц ноцтой гэмт хэрэг тул хохирогчийн эцэг эх өмгөөлөгч хөлсөлж, Кайд хүн амины гэмт хэрэг үйлдсэн этгээдэд олгох шийтгэлийг оноохын төлөө тэмцэх болно гэж Бээжингийн залуус өдөр тутмын хэвлэл мэдээлсэн байна.
Хятадын хуулиар 14 болон 16 настай хүүхдүүд хүн амины, хүчингийн, хулгай дээрмийн зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн үед тусгай зүйл ангиар шийтгэл оноодог ч 13 настай хүүхдэд эрүү үүсгэх боломжгүй байгаа юм. НҮБ-ын гаргасан дүрэм журамд ч эрүүгийн гэмт хэргийн хариуцлага тооцох доод насыг 14-өөс хэтрүүлэхгүй байхыг тусгажээ.
Weibo зэрэг Хятадын цахим сүлжээнд Кай насандаа байхааргүй том биетэй, түүнд илүү хүнд ял оноох ёстой гэсэн иргэдийн сэтгэгдлүүд байршсан байна.
Тус улсын Жиансу мужид 13 настай хүү ээжийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан ч мөн нас нь гүйцээгүй тул эрүү үүсгээгүй. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард 12 настай хүү Хуньань мужид мөн цохиж шийтгэсэн ээжийгээ эргүүлээд хутга мэсээр хороосон хэрэг гарчээ. Гэсэн ч мөн л ял эдлэх насанд хүрээгүй тул хэрэг гарснаас хойш хэдхэн хоногийн дараа хүү хичээлдээ явж эхэлсэнд олон хүн дургүйцлээ илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com