Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт 14 настай охин хүүхэд сураггүй алга болсон дуудлага 24-нд ирж, нийт 117 алба хаагч 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл энэ сарын 25-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад охиныг Улаанбаатар хотоос олсон байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн охиныг барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олсон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ суманд “Хүннү тур” амралтын газраас гарч явсан 46 настай эрэгтэй 20 гаруй хоног алга болсон бөгөөд Онцгой байдлын бие бүрэлдэхүүн эрэн хайх үйл ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Ингээд ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрлийн үйл ажиллагааг энэ сарын 25-нд зогсоосон байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн 15 дугаар гудамжинд иргэн Н-ын гэрээс Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй/ энэ сарын 23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 15:50 цагаас эхлэн Ховд голын модон гүүрнээс Бугат сумын Цагаантүнгэ багийн “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 5 км усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон. Эрлийн үйл ажиллагааг өнөөдөр 11:00 цагаас дахин эхлүүлсэн байна.