Дуучин Рианна, загвар өмсөгч Белла Хадид зэрэг алдартнуудтай үдэшлэг хийж, Яо Минтэй сагс үзэж Instagram хуудсанд хэдийнээ олон мянган дагагчтай болсон, их сургуулиа төгсөөд удаагүй 24 настай Эрик Цэ Азийн шинэ тэрбумтнаар нэрлэгдлээ. Тэрээр мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө гэр бүлийнхээ эзэмшдэг компаниас 3,88 тэрбум ам.долларын хувьцааг бэлгэнд авснаар Азийн тэрбумтнуудын тоог нэгээр нэмжээ.
Пенсильваний их сургуулийн санхүүгийн сургуулийг төгсөөд удаагүй, Хонконгоос гаралтай Эрик Цэгийн эцэг эх Sino Biopharmaceutical Limited компанийн гүйцэтгэх захирлуудаар ажилладаг. Тэд хүүдээ бэлэг болгож компанийнхаа хувьцааны 1/5-ийг нь өгчээ.
Эрик Цэгийн erictse0816 Instagram хуудсыг дагахад шинэхэн тэрбумтны тансаглалыг бэлхэн харах ажээ. Тэр дэлхийн нэр алдартай одуудтай нөхөрлөхөөс гадна Японд снөүбоардаар гулгаж, Тайландад амарч, Багамын арлуудад далайн гахайтай цуг сэлэх зэргээр хөгжилтэйгээр амьдардаг байна.
Түүний хамт зургаа авахуулсан алдартнууд дунд Олимпийн медальт тамирчдаас гадна улс төрийн, эзэн хааны удмын нэр хүндтэй эрхмүүд ч багтжээ. Эрик Цэгийн аав Цэ Пин өмнө нь Хятадын ардын улс төрийн зөвлөлийн бага хурлын гишүүн байсан тухай CNN мэдээлжээ.
Залуухан тэрбумтан шинэ үеийн Хятадын баячуудын төлөөлөл болж байна. Энэ сарын эхэнд гаргасан судалгаагаар Хятадын хөрөнгөтнүүдийн дунд Цэгийн гэр бүлийн адил эм бэлдмэлийн салбарын чинээлэг эрхмүүд найман хувийг эзэлж байгааг дурдсан. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эх сурвалж: www.cnn.com