СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэрхэн мөнгөө хурдан өсгөх вэ?

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Хүүш цаана чинь манай ажлын хүн долоо хоногт тэдэн доллар аваад байна гэсэн үг танил сонсогдож байна уу. Өдрийн 0,5-5% хүртэлх өндөр хүүтэй ашигтай бизнест хөрөнгө оруулах талаар санал сонсож байсан уу? Магадгүй та хөрөнгө оруулалт хийж үзсэн ч байж болох.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад тархаад буй "G Time", "OneCoin", "Easy1up", "Ultimatecycler", "Pandex" гэх мэт бизнес хэрхэн ажилладаг талаар дурдаъя.

 

ӨНГӨЦ ТӨРХ

Итгэл

 


Энэ бол яг сүлжээний бизнес гэж хэлж болохгүй. Эхлээд тухайн компанийн зүгээс танд итгэл төрүүлэхүйц нөхцөлтэй байна. Жишээ нь: дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг шилдэг брокерийн нэрийг барих, бүр дэлхийн тэрбумтан хэн нэгэн хүн, эсвэл компанийн нэрийг барьж ард тал нь том гэж харуулах, крипто майнинг хийж ашиг олдог, газрын тос, алт олборлодог, гэх мэт "найдвартай" гэсэн итгэл төрүүлдэг.

 

Өндөр ашиг

 


Тэдний зүгээс мөнгөө маш хурдан өсгөх саналууд өгнө. Өдрийн 0,5-4 хувийн хүүтэй. Зарим нь бүр түүнээс ч өндөр хүүтэй байж болох. Эсвэл 20 хоногийн дараа мөнгөө 2 дахин өсгөөд ав гэх мэт. Ямар ч банкны хүүнээс өндөр, үнэхээр хурдан мөнгөө өсгөж болохоор санагдаж байгаа биз?

 

Хөрөнгө оруулах арга


Хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл Bitcoin, Ethereum, Perfect Money, Advcash, Payeer зэрэг крипто түрийвч болон онлайн мөнгөн шилжүүлгийн системийг санал болгоно.

 

Эцэст нь


Бүртгүүлээд эхний хөрөнгө оруулалтаа хийсний дараагаас үнэхээр танд амласан ёсоор хүүгээ өгч эхэлнэ. Өдрийн 4%-ийн хүүтэй 1000$ хийсэн бол өдөр бүр 40$ онлайн дансанд чинь орж ирнэ гээд бод доо. Гайхалтай. Тань шиг олон мянган хүнийг ийм байдлаар элсүүлнэ. Хэрэв та өөрийн бүртгэл доор хүн оруулах юм бол хөрөнгө оруулалтынх нь 5% -ийг танд өгнө. Доош салбарлаад орох тусам 3%,2%,1% гэх мэтээр урамшуулал өгнө. Энэ байдлаар 25 хоногийн дараа эхний хөрөнгө оруулалтаа олоод авчихна. Маш ашигтай санагдаж байна уу?

 

ҮНЭН ТӨРХ

 

Итгэл

Харамсалтай нь таны анхны хөрөнгө оруулалтаа олж авахаас чинь өмнө сайт хаагдчихдаг. Хэдхэн сарын настай ажиллана. Нөгөө сайхан яриад байсан бизнес, тэрбумтан, компани газрын хөрснөөс ор сураггүй алга болно. Үнэн хэрэг дээрээ тэдний ард брокер, тэрбумтан, компани байхгүй. Бүгд зөвхөн таны итгэлийг олж авахын тулд зохиосон үлгэр юм. Тухайн сайт компанийнхаа бүртгэлийн гэрчилгээг хуулж тавьсан байдаг. Тэрийг нь регистер дугаараар хайхад үнэн гэж гарч ирнэ. Учир нь тиймэрхүү компаниудын жинхэнэ бүртгэлийг интернетээр хямдхан худалдаад авчхаж болно.

Өндөр ашиг

Магадгүй анхны хөрөнгө оруулалтаа эргүүлээд авчихсан хүмүүс байдаг байж болох. Тэдний ихэнх нь ашиг олохын тулд шуналын сэтгэлдээ хөтлөгдөж өмнөх "хөрөнгө оруулалт"-аасаа илүү мөнгө оруулдаг. Луйварчдын зүгээс дахин хөрөнгө оруулбал тэгнэ гэсэн татгалзах аргагүй санал тавихаа ч мэднэ.
Эсвэл шинэчлэлт хийгдэж байна, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаар болсон гэх зэргээр шалтаг тоочиж тэд хоног, бүр сар хүлээ гэж хүү өгөхгүй мөнгө царцаана. Хэрэв мөнгөө авахыг хүсвэл тодорхой хэмжээний хувь төлөөд бүх мөнгөө эргүүлэн татан авч болно гэсэн санал тавина.
Ямар нэгэн аргаар танаас нэмж мөнгө луйвардахаа тэд маш сайн мэднэ.

Хөрөнгө оруулах арга

Bitcoin, Ethereum, Perfect Money, Advcash, Payeer зэрэг крипто түрийвч болон онлайн мөнгөн шилжүүлгийн систем нь та мөнгөө яг хэнд өгч байгааг мэдэх боломжгүй болгож байгаа халхавч. Учир нь эдгээр онлайн данснуудыг хүссэн үедээ үнэгүй нээх боломжтой байдаг.

Эцэст нь

Луйвар ингэж л явагддаг. Та эхний хөрөнгө оруулалтаа ч олж авч чадахгүй алдах магадлал 99 хувь.
Үүнд итгэсэн монголчууд бүр төрийн бус байгууллага байгуулан энд тэнд сургалт зохион байгуулж хүн элсүүлдэг нь харамсалтай. Хэрэв богино хугацаанд маш хурдан мөнгө олох "үлгэр"-ийн санал танд ирвэл татгалзах хэрэгтэй.

 

Ямар ч ашигтай цэвэр бизнес байлаа гэхэд өөрсдөө ашгаа аваад тийм өндөр хүүг танд өгнө гэдэг бол санаанд оромгүй зүйл.

Үүнийг HYIP (High-yield investment program) буюу Өндөр ашигтай хөрөнгө оруулалтын программ гэдэг. HYIP сайтууд хэдэн зуугаараа бий. Монголд орж ирсэн нь дээр дурдсанууд. Өдөр бүр хэдэн арваараа нэмэгдэж, өдөр бүр хэд хэдээрээ хаагдаж байдаг. ОХУ, Казахстан, Украин, Бразил, Вьетнам зэрэг орнуудад хөгжиж том зах зээл бий болгож байна. Хэрэв тэд амласан ёсоор мөнгөө өгөөд явах болбол сарын дараагаас л алдагдалд орж болохоор байгаа биз. Ямар ч ашигтай цэвэр бизнес байлаа гэхэд өөрсдөө ашгаа аваад тийм өндөр хүүг танд өгнө гэдэг бол санаанд оромгүй зүйл. Хэрэв үнэхээр тийм ашигтай юм бол таны мөнгө тэдэнд хэрэг болохгүй нь лавтай. Тэд хүн элсэхээ больж эхлэх үед тэд ашгаа аваад алга болно. Ихэнх нь хурдан хугацаанд олон хүнээс их хэмжээний мөнгө татаж алга болдог луйвар.

Энэ бол Oriflame, Amway зэрэг сүлжээний бизнесээс шал өөр тусдаа ойлголт. Сүлжээгээр бараа борлуулах, сүлжээгээр хүн элсүүлэх гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.