Facebook компани АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөө үзүүлэхийг оролдсон дөрвөн хаягийг илрүүлж үйл ажиллагааг нь таслан зогсоохоор болсноо мэдэгджээ. Тус компанийн олон нийтэд дэлгэснээр эдгээр хаягуудыг Иран болон ОХУ-аас чиглүүлэн удирдаж байсан гэжээ.
Компанийн цахим аюулгүй байдлын бодлого хариуцсан захирал Натаньел Глэйчерийн ярьснаар сэжиг бүхий үйлдэл гаргасан хаягууд байрлал, мэдээллээ нууцлах хангалттай алхмуудыг хийсэн байжээ. Тэд Instagram-ын 50 орчим хаяг, 246,000 дагагчтай Facebook хуудаснаас ойролцоогоор 75,000 пост нийтэлжээ.
Мөн хаягууд Дональд Трампыг дэмжих, цагдаагийн хүчирхийллийн эсрэг, Берни Сандерсыг дэмжих, LGBTQ зэрэг өөр өөр нэр хаягтай байна. Ихэнх постууд нь шууд сонгуулийн үйл ажиллагаанд чиглээгүй боловч улс төрийн суртал ухуулга агуулсан байжээ.
2020 онд Facebook компани Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдэл гарахаас сэргийлэх хэд хэдэн санаачилга дэвшүүлжээ. Марк Зукербэргийн хэлснээр 2016 оноос хойш сонгуулийн тогтолцоо, Facebook хуудасны бодлого, үйл ажиллагаа аль аль нь өөрчлөгдсөн. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар ард нь гишгэж байсан бол энэ удаад сонгуулийн өмнө бэлтгэл ажлуудыг базаана гэлээ.
Компани сонгогдсон эрх баригчдын хаягийг хамгаалах, гадны халдлагад өртүүлэхгүй байх зэргийг хангахаас гадна үйл ажиллагааг нь хянана гэжээ. Түүнчлэн санал өгөх иргэдийн ирц, идэвхийг бууруулахыг оролдсон сурталчилгааг хатуу хориглох юм байна.
Эх сурвалж: www.theguardian.com