СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Золжаргал: Уул уурхайн салбарын эрх зүйн орчин байнга өөрчлөгдөж тогтворгүй байдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 “Бизнесийн орчин” форумын үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал уул уурхайн салбарын эрх зүйн орчинд хэрхэн нөлөөлж буй талаар ”Монгол нүүрс” ассоциацийн захирал Ж.Золжаргал байр сууриа илэрхийлсэн юм.

-Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр төрөөс явуулж буй бодлого шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байна вэ. Мөн уул уурхайн салбарт хэрэгжиж буй төслүүд хэр урагштай байна вэ?

-Бизнесийн орчны эрх зүй муу байна. Нэгдүгээрт, уул уурхайн салбарын бодлого тогтвортой байх шаардлагатай. Учир нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг эрсдэлтэй салбар. Энэ салбарт хүн болгон зориглож ордоггүй. Хязгаарлалттай салбар учраас эрх зүйн орчин тогтвортой байхыг шаарддаг. Гэтэл эрх зүйн орчин нь байнга өөрчлөгдөж тогтворгүй байдаг. Уг нь энэ салбар нээлттэй, хяналттай салбар. Хяналт тавихгүй бол болдоггүй салбар.

Тиймээс бодлого нь тодорхой бөгөөд хатуу байх хэрэгтэй. Үүнээс алдах зүйл байхгүй. Гэтэл хөрөнгө оруулагч нар хөрөнгөө оруулж ажлаа төлөвлөсний дагуу хийгээд явж байтал гэнэт өөрчлөх шийдвэр гаргачихлаар нөгөө тооцоо, үндэслэл, хөрөнгө оруулалт, үр ашиг бүгд нурдаг. Ийм тогтворгүй байдлаас хөрөнгө оруулагчид Монголд нэмж том хөрөнгө оруулалт хийх тухайд харзнасан хүлээлттэй байдалд байдаг.

Хоёрдугаарт, Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж Гашуунсухайтаар гаргахад тоос босч хүн амьтан байгаль орчинд сөргөөр нөлөөлж асуудал болсоор хэдэн жилийг үзлээ.Энэ юуг хэлээд байна вэ гэвэл хийж чадахгүй байгаатай л холбоотой. Уг нь манайх замын стандарт, байгаль орчны хууль, дүрэм гээд нарийн хатуу зохицуулалттай. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж хянадаг байгууллага нь төр. Гэтэл төр ажлаа хийхгүй байна.Бэлэн байгаа хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж салбарууд руугаа дайрдаг.Үүний харгайгаар байгаль орчинд ноцтой хохирол учруулаагүй байхад лицензүүдийг нь цуцалсан.

Тухайлбал, улсын тусгай хамгаалалт бүхий газар нутагт болон байгаль орчинд хохирол учруулсан гэдгээр зарим нэг компанийн лицензийг цуцалсан. Гэтэл бусад байгаль орчинд хохирол учруулаагүй тухайн хамгаалалттай бүсэд хамааралгүй жижиг уурхайн тусгай зөвшөөрлийг хоморголон цуцласан. Газар дээрээ байгаль орчинд нөлөөлсөн зүйлгүй хоосон тал байдаг. Зөвхөн эрхээ авсан үйл ажиллагаагаа эхлүүлээгүй компаниуд байдаг. Төрийн шийдвэр нь нэг хоногийн дотор гардаг. Ямарч урьдчилсан мэдээлэл өгөхгүйгээр бэлтгэл хийх боломж хугацаагүйгээр гардаг.

Уг нь мэргэжлийн байгууллага нь хянаад, үүрэг даалгавар өгөөд эргэж шалгасны дараа лицензийг цуцлах шийдвэр гаргадаг журамтай биз дээ. Гэтэл төр шийдвэрээ 24 цагийн дотор гаргадаг.

 -Нүүрс бол экспортын чухал түүхий эд. Тэр утгаараа Монгол Улсын эдийн засаг, улсын төсвийн орлогод томоохон байр суурь эзэлж байна. Тиймээс нүүрсний салбарт хийж буй ажлууд юу байна. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарт тавигдаж буй хатуу хучилттай зам тавих ажил удаашралтай байна гэж яриад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Монгол оронд уул, уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа л бол хатуу хучилттай зам тавь гэсэн журам баталсан. Хуулиараа баталгаажуулсан байгаад компаниуд биелүүлээгүй бол ийм шийдвэр гаргах нь зөв. Гэтэл хуульдаа тусгаагүй байж орон даяар үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн хойно нь хар зам тавь гэсэн шийдвэр гаргаж байгаа нь биелэгдэх боломжгүй шийдвэр юм. Одоо бүх уурхай хар зам тавиагүй. Тэгэхээр Засгийн газар хэрэгжих боломжгүй журам гаргаж байна.

Хэрэгжих боломжгүй учраас хэрэгжихгүй нь тодорхой. Үр дүнд нь хэрэгжүүлэх нэрээр авлига үүсдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгжих боломжгүй зүйл батлаад хэрэгжүүлэх гэж өөрсдийгөө бужигнуулдаг. Мөн саяхан нөөц ашигласны төлбөрийн /рояалти/ журам шинэчлэгдсэн. Уг нь Монгол Улс нүүрсээ баяжуулж илүү үнэд хүргэж экспортлох нь зүйтэй. Түүнчлэн сорчилж олборлохгүй гэсэн хуулийн заалттай. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ саяны журмаар баяжуулсан нүүрсэнд гаалийн жишиг үнэ тогтоох байдлаар рояалтыг өндөр болгосон.Олборлолтын явцад муу нүүрс гарч түүнийгээ зарах гэхээр хятадууд авдаггүй. Тэгэхээр хогийг нь зайлуулаад гаргах гэхээр баяжуулсан гэж үзээд өндөр татвар төлөх болдог.

Ингэснээр үйлдвэр нь үр ашиггүй болдог. Шивээхүрэнд баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад орсон. Гэтэл тэд одоо үйлдвэрээ ажиллуулах уу, зогсоох уу гэдэгтэй тулгарч байна. Хэрэв бид баяжуулах үйлдвэрээр ашиг олно гэвэл ийм бодлого барьж болохгүй.Өнөөдрийн шинэ журмаар бол сорчилж олборлоод зармыг нь хая гэсэн юм шиг төрийн бодлого гарч байна. Төр мэддэггүй юм бол компаниудаа сонсох хэрэгтэй.Олон хэлбэрээр бид төрд энэ байдлаа хэлдэг ч биднийг ер сонсдоггүй.Иймээс л эрх зүйн орчин муу байна гэж хэлээд байгаа юм.

-Эрх зүйн орчныг тогтвортой байлгахад юуг яаж засах вэ?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу социалист нийгмийн үе дууссан, татгалзсан гэж ойлгодог. Гэтэл төр засгийн бодлого зөвхөн уул уурхайн хэдэн компанийн асуудал биш углуургаараа сонин өөрчлөлт явагдаад байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар буюу хувийн хэвшлийг төрд авна гэсэн. Өнгөрсөн хугацаанд уул уурхай байгаль орчныг хохироодог гэсэн хандлагыг нийгэмд түгээдэг. Төр хяналтаа тавьж чадахгүй байгаа учраас компаниуд нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа юм.

Уул уурхай, тоос татуулж малын бэлчээрийг сүтгэдэг гэдэг. Гэтэл замын асуудлыг нь шийдвэрлэх ёстой Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа учраас тэгж хэлж байна. Төрийн өмчийн компаниуд хэрхэн ажиллаж байгааг бид мэднэ.Энэ бүгд төр очиж төвлөрөх юм бол Монгол Улс тэр аяаараа бантан болно.

Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар сонгох эрхийг хязгаарлаж сонгогчдын нэг хувь буюу улс төрийн намыг 20 мянгаас дээш гишүүнтэй байх. Стратегийн ач холбогдолтой ордын байгалийн баялагийн дийлэнхийг ард түмэн мэднэ гэж заажээ. Энэ заалтууд энэ хэвээр батлагдвал хөрөнгө оруулалт зогсоно. Төрийн хөрөнгө оруулалттай уул уурхай үлдэнэ.

Нөгөөтэйгүүр Монгол Улсыг хувьчилж, эдийн засгаар нь улс төрөөр нь хувааж авна.Ийм сонин бодлого явж байгаа юм. Энэ тохиолдолд ганц уул уурхайн салбар биш бусад салбарт манай эдийг засагчид анхаарлаа хандуулж бодох ёстой болж байна.

Ц.МЯГМАРБАЯР

2019.10.22

№ 209 (6176)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.