Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Пунцагийн Цагаан, П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг, П.Цагааны төрсөн хүү Ц.Мөнхтүвшин, төрсөн охин Ц.Номундарь нар Монголын нийт ард түмний өмч байх учиртай Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 65 сая тонн зэсийн хүдэр бүхий овоолгыг дангаараа эзэмшиж, уг овоолгоос нэг жилд 13.800 тонн катодын зэс буюу нэг жилд 205,161,840,000 төгрөгийн борлуулалтын орлого олж хагартлаа баяжиж байгааг та бүхэнд факт чек нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар хүргэж байна.
Ачит Ихт ХХК-ийн түүх ингэж эхэлдэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2009 оны зургадугаар сарын 18-ний өдөр тангараг өргөснийхөө дараа хийсэн хамгийн эхний томилгоо нь Пунцагийн Цагааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялгийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр томилсон явдал байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү томилгоо нь Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг Пунцагийн Цагааны Ачит Ихт ХХК-д өгч, өөрсдөө хангартлаа баяжих гэсэн асар холоос төлөвлөсөн ажил байсан гэж хэн санах билээ.
Баримт 1
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялагийн асуудал хариуцсан ахлах зөвлөх гэх албан тушаалд очмогцоо Эрдэнэт “Эрдэнэт үйлдвэр ”ХХК-ийн Зөвлөлийн Монголын талын 43, 44, 45 дугаар хуралдааныг зарлан хуралдуулж, уг хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлох явцад үүссэн исэлдсэн болон холимог, балансын бус хүдрийн овоолгыг ашиглах боломжийг судлах, хүдэр боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах, үйлдвэрлэлийн туршилт явуулж, үр дүнг танилцуулах, хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө, хувь эзэмшлийн асуудлыг хэлэлцүүлэх чиглэлийг гүйцэтгэх удирдлагад өгчээ.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний эрдэс баялгийн зөвлөх П.Цагаан нарын ил далд шахалтаар 2010 оны есдүгээр сарын 03-ны “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ууд “Эрдэнэтийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх гэрээ” гэгчийг үзэглэв.
Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Хөгжлийн хэлтсийн дарга Ш.Гэзэгт, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал болон Ачит Ихт ХХК-ийг төлөөлж В.Цамба нар гарын үсгээ зурцгаажээ.
Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх тухай уг гэрээ Эрдэнэт үйлдвэрт тун ч ашигтай байхаар хийгджээ. Тухайлбал, Цэвэр зэсний үйлдвэрийг барихад шаардагдах 5-6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг "Ачит Ихт" ХХК бүрэн хариуцна. Гэрээнд талууд гарын үсгээ зурснаас хойш үйлдвэрийг 18-24 сарын дотор барьж, үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө овоолгыг ашиглуулж буй учраас компанийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшинэ. 66 хувийг эзэмшигч Ачит Ихт ХХК бүтээн байгуулалтыг дангаараа санхүүжүүлнэ. Хамтарсан үйлдвэр нь жилд 10,000 тн-оос доошгүй катодын зэсийг, хамгийн багадаа 20 жилийн турш үйлдвэрлэнэ. Талуудын хооронд маргаан үүсвэл Монгол Улсын хуулиар зохицуулна гэсэн байдаг юм.
Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах уг гэрээ Эрдэнэт үйлдвэрт ашигтай хийгдсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний Эрдэс баялгийн зөвлөх П.Цагаан нар тус үйлдвэрт өөрийн нөлөөгөө бүрэн тогтоож чадаагүй байсантай холбоотой.
Гэхдээ англи, орос хэлээр үйлдсэн уг гэрээг “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн Оросын талын хэсэгт огт танилцуулаагүйгээр барахгүй, катодын цэвэр зэс үйлдэрлэж эхэлснээ ч мэдэгдээгүй байна.
Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг илт зөрчсөн энэхүү үйлдлийг Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын захирлууд хийсэн нь ардаа асар том хамгаалалттай, хэнээс ч юунаас ч эмээхгүй болсны шинж гэлтэй.
Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах гэрээнд “Ачит Ихт” компанийг төлөөлж гарын үсэг зурсан Ванчинцэрэнгийн Цамбыг гарын үсэг зурснаас хойш ердөө 24 хоногийн дараа үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2010 оны есдүгээр сарын 27-ны өдөр Пунцагийн Бат-Очийг “Ачит Ихт” компанийн шинэ захирлаар томилж, уг өөрчлөлтийг УБЕГ-т бүртгүүлжээ.
Түүхэн гэрээг байгуулаад ажлаа өгсөн Ванчинцэрэнгийн Цамба нь 1954 онд Ховд аймгийн Дарви сумын Бүлтгэрийн цагаан хошуу гэдэг газарт төрсөн. Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. Сутайн хөгжил нэгдэл, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газар, Оч нэгдэл, Ховд аймгийн татварын албаны даргаар олон жил ажилласан, Ц.Элбэгдоржтой нэг нутаг бөгөөд маш ойрын хүн нь юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Үндсэн хууль эх барилцсан зарим хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор 2012 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр цөөн хүнийг шагнасны дунд Ванчинцэрэнгийн Цамба байж байгаа нь ч санамсаргүй зүйл биш биз ээ. В.Цамбын оронд шинээр томилогдон ирсэн П.Бат-Оч бол хөрөнгө оруулагч “Голомт банк” төлөөний хүн байсан юм.
Баримт 2
“Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах гэрээг үзэглэж, тус үйлдвэрийг барихад шаардах хөрөнгө оруулагчаа нэгэнт олсон учраас үйлдвэрийн барилгын ажлаа нэн даруй эхлүүлэв.
Гэхдээ ТЭЗҮ нь батлагдах нь битгий хэл боловсруулагдаж ч амжаагүй үйлдвэрийг, холбогдох дээд байгууллагын ямар ч зөвшөөрөлгүйгээр, төрийн тусгай хамгаалалтад байдаг, Улсын онцгой обект болох Эрдэнэт үйлдвэрийн хашаан дотор шүү дээ.
“Ачит Ихт” компанийн цэвэр зэсийн үйлдвэрийн бүтээн байгуулалт маш хурдан өрнөсөн бөгөөд бүтээн байгуулалт эхэлснээс хойш ердөө долоохон сарын дараа буюу 2011 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ТӨХ-ны дарга бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Сугарт Ачит ихт ХХК-ийн захирал П.Бат-Оч 94 дугаарт албан бичгийг илгээжээ.
Тус албан бичигтээ 24.5 тэрбум төгрөгөөр ес томоохон бүтээн байгуулалт хийсэн тухайгаа дурьдаад Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан үйлдвэр байгуулах зөвшөөрөл хүсчээ.
Мөн УБЕГ-т 2009 оны зургадугаар сарын 08-ны өдөр “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн бүртгүүлсэн “Ачит Ихт” компани дүрэм болон үйл ажиллагааны чиглэлдээ анх удаа өөрчлөлт оруулж, 2012 нэгдүгээр сарын 24-ны өдөр “Гидрометалургийн аргаар катодын зэс үйлдвэрлэх” гэдэг үйл ажиллагааны шинэ чиглэлээ улсын бүртгэлд бүртгүүллээ.
Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Ачит Ихт” ХХК-ийн зэс боловсруулах үйлдвэрийг барихад шаардагдах 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Голомт банк хийгээгүй. Харин Хонконгт төвтэй, АНУ-ын Noble Group Holdings Limited компани хийсэн бөгөөд уг хөрөнгө оруулалтаа Голомт банкаар дамжуулан олгожээ.
“Ачит Ихт” үйлдвэрийн нээлт 2014 оны аравдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор болоход Нобле группийн Монгол дахь салбарын захирал Ханна Баденач оролцож үг хэлсэн байдаг.
Тэрбээр “Нобле лимитед” групп нь олон улсын худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2014 онд Fortune Global 500-гийн дэлхийн хамгийн том аж ахуйн нэгжүүдийн жагсаалтын 76 дугаарт эрэмбэлэгдсэн. Монголд 2010 онд салбараа нээснээс хойш амжилттай ажиллаж байна. бидний хувьд Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх маш их сонирхолтой байдаг. Үүний нэг нь “Ачит Ихт”-компанийн катодын цэвэр зэсийн үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт юм хэмээх хэлж байжээ.
Баримт 3
Цэвэр зэс бол дэлхийн металлын бирж дээр борлуулагддаг хамгийн эрэлттэй, бас маш үнэтэй металлуудын нэг үргэлж байсаар ирсэн. Жилд 10,000 тонн катодын зэс гаргах хүчин чадалтай үйлдвэр Монголд ашиглалтад орох гэж буйг үйлдвэр нээлтээ хийхээс бүтэн нэг жилийн өмнө дэлхийн худалдаа, бизнесийн акулууд аль хэдийн сонсчихсон байлаа. Ачит Ихт ХХК-ийн гүйцэтгэх захирал Пунцагийн Бат-оч өнөөдөр сонины 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Цэвэр зэс худалдан авах хүсэлтээ Марубени, Терафигура илэрхийлээд байгаа” хэмээсэн байгаагаас цэвэр зэсийг худалдан авах өрсөлдөөн ямар өндөр түвшинд явагддагийг харж болох юм.
Дэлхийн худалдаа бизнесин акулуудын сонирхолыг ашиглалтад орохоосоо өмнө татаад эхэлсэн Ачит Ихт компанийн үйлдвэр 2014 оны 6 дугаар сард ашиглалтад орж байх үед тус үйлдвэрийн жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг хүмүүс сураглаж эхлэв.
“Ачит Ихт” үйлдвэр бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний тамгын газрын дарга П.Цагаан нарынх гэдэг мэдээллүүд тархаж байсан боловч, албан тоо баримтад тулгуурласан хамгийн үнэнд ойр мэдээ өнөөдөр сонины хавсралт сонин болох UB Post дээр англи хэлээр гарсан байдаг юм. Уг мэдээнд “Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Ачит Ихт” ХХК-ийн зэсийн үйлдвэр барих ажил дуусчээ. Тус үйлдвэр 2014 оны долдугаар сарын 01-ээс туршилтын зэс үйлдвэрлэж эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр туй үйлдвэр 30 тонн катодын зэс үйлдвэрлээд байгаа аж. Японы Марубени корпораци, олон улсын түүхий эдийн худалдааны компани болох Trafigura нь Ачит Ихт ХХК-аас зэс худалдан авах хүсэлтийг хүргүүлсэн боловч тус үйлдвэр хараахан зэс нийлүүлээгүй юм байна. Мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 51 хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эзэмшдэг” гэсэн байдаг юм.
Энэхүү мэдээ үнэн болохыг нотолж, Эрдэнэтийн овоолгод эзэн суусан Ачит Ихт ХХК-ийн Ерөнхий захирлаар П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг гэх хүн гэнэт томилогдон ирсэн юм.
Даяндоржийн Эрдэнэцэцэг нь Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын албан тушаалаас тэтгэвэрт гармагцаа Ачит Ихт ХХК-ийн захирал болж ирсэн нь энэ байв.
Нэгдүгээр хэсэг төгсөв.