Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 960 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс зургаан хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
-Аравдугаар сарын 16-ны өдрийн 23.00 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын 1-р багийн нутаг “Даланбулаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 60км / шороон замд/ Kia Bongo frontier маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 39 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон.
- Аравдугаар сарын 17-ны өдрийн 12.20 цагийн орчим Орхон аймгийн Баян-өндөр сумын Их залуу багийн нутаг /Сумын төв дотор/ асфальтан замд Mitsubishi Pajero автомашины жолооч А нь явган зорчигч 9 настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон.
- Аравдугаар сарын 17-ны өдрийн 19.52 цагийн орчим Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р багийн нутаг “Баруун шовог” гэх газар шороон замд Хаоже маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 41 настай, эрэгтэй А нас барсан.
Тээврийн цагдаагийн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.